Л.Алтангэрэл: Ном унших дадал хүн бүхэнд бий, гагцхүү өөртөө цаг гаргах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-08 13:11:51

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн идэвхтэй үйлчлүүлэгч, 2024 онд 136 ном уншсан иргэн Л.Алтангэрэлтэй ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Лхагвасүрэнгийн Алтангэрэл гэдэг. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг.

 

-Өнөө цагт цахим хэрэглээ их болж, цаасан хэвлэл унших цаг маш хомс болжээ. Ийм цаг үед ном уншихдаа хэрхэн цаг гаргаж байна. Ном унших дадлыг өөртөө бий болгоход ямар хүчин чармайлт гаргасан бол?

-Би ихэвчлэн монголынхоо зохиолчдынхоо номыг цаасан хэлбэрээр авч уншихыг боддог. Аймгийнхаа номын санд очиж уншигчийн карт нээлгэн гэрээр ном авч уншдаг.

 

-Өөрийг тань 136 ном уншсан гэж сонссон. Ямар төрлийн номыг түлхүү уншиж байна. Уншсан номуудаасаа сонирхуулна уу?

-Би ихэвчлэн монголынхоо зохиолчдын тууж, романуудыг унших дуртай.Хамгийн сүүлд “Эр бор” харцага номыг авч  уншсан.

 

-Гэрийн тань номын санд ойролцоогоор хэдэн ном байгаа вэ? Дандаа цаасан ном уншдаг уу?

-Би одоогоор гэртээ номын сантай болж амжаагүй байгаа, гэхдээ удахгүй номын сантай болно.

 

-Өөрт тань хамгийн их эрч хүч өгсөн ямар зохиол байна. Амьдрал болоод сэтгэхүйд нөлөө үзүүлсэн ч гэх юм уу. Тэр номынхоо агуулгаас товчхон тайлбарлавал?

-Ер нь уншиж буй ном болгон л эрч хүч, ухаарал бодол, сэтгэлд нөлөөлсөн номууд байдаг. Хон хэрээдэйн Энхбатын /Өв залгамжлагч/ гэдэг ном юм бодогдуулсан шүү .Энэ номд одоогийн Монгол орон болон социалист нийгмийн үеийн амьдрал, Монгол улсын аюулгүй байдал, хүний амьдралын эрээн бараантай зүйлийг харуулсан зохиол юм, үргэлжлэл нь хэвлэгдэн гарах болов уу гэж бодож байна.

 

-Та хэдий хугацаанд ийм олон номыг уншив?

-Би 2024 онд аймгийнхаа номын санд уншигчийн карт нээлгэн жилийн хугацаанд л уншсан байна.

 

-Ном унших гэдэг нэг ажил, түүнийгээ ойлгож, хүлээж авна гэдэг өөр хэрэг. Ер нь ном уншихыг өөрөө юутай зүйрлэж боддог вэ?

-Амьдралын цонх юм уу даа. Номоо уншихаар үйл явдлыг нь одоо яах бол гэсэн бодлоор шимтэж уншдаг.

 

-Ном уншсанаар өөрт болоод бусдад нөлөөлсөн сайн үйлс юу байна?

-Маш сайн нөлөө үзүүлдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө ажлын шугамаар аймгийнхаа номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа. Энэ гэрээ одоо хүртэл үргэлжилж, эрхээ хасуулсан болон ямар нэг хэрэгт шалгагдаж буй хүмүүст 7 хоног бүр явуулын номын сан ирж үйлчилдэг. Эдгээр хүмүүс ном уншиж номын сайхан бүхнийг мэдэрч байгаа гэдэгт итгэж явдаг шүү.

 

-Номыг хэрхэн уншдаг туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Ном уншихад туршлага гэж юу байх вэ, гол нь дурлаж унших юм уу даа.

 

-Танай гэр бүл, хүүхдүүд бүгд ном уншдаг уу?

-Хүүхдүүд маань бага л даа, том охин маань энэ жил 4 ангид сурч байна. Би өөрөө ном авахдаа охиндоо заавал нэг ном авч уншуулдаг.

 

-Бидний багаас л ном бол ертөнцийг харах цонх гэдэг байлаа шүү дээ. Ном уншсанаар өөртөө ямар мэдлэг, мэдээлэл олж авав. Ямар өөрчлөлтийг олж харав?

-Цаг үе нь ийм болж дээ, намайг сургуульд байхад ном уншиж л хорвоогийн зарим зүйлсийг таньж мэддэг байлаа. Ном уншсан хүн хэзээ ч алдаатай бичдэггүй гэж багш маань хэлдэг байсан. Ер нь ном уншихаар амтанд орно гэж ярьдаг шүү дээ. 

 

-Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Таны хувьд . . .?

-Би номыг уншаад ойлгож дүгнэхийг боддог, ямар нэг тэмдэглэл хөтөлж байгаагүй ээ.

 

-Ер нь та ном уншихдаа ямар нэгэн зорилго тавьж уншдаг уу. Эсвэл амьдралд өрнөж буй үйл явдлуудтай холбогдох номыг сонгож уншдаг уу?

-Номыг уншихдаа өрнөл, үйл явдлуудыг  нь чухалчилж уншдаг.

 

-Ямар ч номыг уншиж дуусгасныхаа дараа та өөрөөсөө “Энэ номоос миний амьдралдаа заавал хэрэгжүүлэх юу байна вэ?” гэж асууж үзсэн үү?

-Зарим тохиолдолд тэгж боддог. Амьдралд хэрэгтэй сургамжтай зүйл их байдаг.

 

-Ном унших дадалтай болохыг хичээж байгаа хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?

-Ном унших дадал хүн бүхэнд байгаа, гагцхүү өөртөө цаг гарга, ухаан тэлнэ, уужуу болно гэж хэлье дээ.

相关新闻