БАЯНХОНГОР: Гурван сум цагаан зудын байдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баянхонгор аймгийн Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын байдалтай, Хүрээмарал, Заг, Жаргалант сум цагаанаар зудархуу байдалтай гэж үнэлэгджээ.
Энэ жил Баянхонгор аймгийн 20 сумын 102 багийн 8.3 мянган хот айл, 13.2 мянган малчин өрхөд 3.4 сая толгой мал өвөлжиж байна.
Зуд гэдэг нь өвлийн улиралд тохиолддог, цаг агаартай холбоо бүхий байгалийн гамшигт үзэгдэл юм. Цагаан зуд гэдэг нь цас, их хэмжээгээр орж, хүйтэнтэй хавсарсан цаг уурыг хэлдэг бөгөөд мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутарч, улмаар тарга хүч муутай мал олноор хорогдох нөхцөл үүсэхийг хэлдэг.
Мөн зудыг дотор нь цагаан зуд, харын зуд, шуурган зуд, хүйтэн зуд, хавсарсан буюу туурайн зуд гэж ялгасан байдаг байна.