А.Лукашенко 20 хүнд өршөөл үзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МИНСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /DW/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “экстремист чиглэлийн гэмт хэрэг үйлдсэн” 20 хүнд өршөөл үзүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд бямба гарагт мэдээлжээ.
Энэ нь өнгөрсөн зунаас хойших
хугацаанд улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлж буй 7 дахь тохиолдол юм.
“Өршөөлд хамрагдсан хүмүүсээс 11
нь эмэгтэй, 14 нь архаг хүнд өвчтэй, 10 хүн бага насны хүүхдүүдтэй, нэг эмэгтэй
4 хүүхэдтэй бөгөөд тэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлж, өршөөл
хүссэн өргөдөл гаргасан” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
“Экстремист чиглэлийн гэмт хэрэг
үйлдсэн” этгээдүүдэд өршөөл үзүүлэх гэж байгаа тухай, мөн өршөөлд 11 эмэгтэй, 18 эрэгтэй хамрагдах
тухай Беларусийн төрийн мэдлийн БелТА мэдээлийн агентлаг 12 дугаар сарын 9-нд мэдээлж байсан юм. Гэхдээ тэдний нэрсийг зарлаагүй
байна.
11 дүгээр сарын 13-ны өдөр
Беларусийн сөрөг хүчний удирдагчдын нэг Мария Колесниковагийн эцэг Александр Колесников
охинтойгоо уулзсаныхаа дараа АП агентлагт ярилцлага өгөхдөө, түүний охин
Ерөнхийлөгч А.Лукашенкод хандан өршөөл хүссэн өргөдөл бичих гэж байгаа тухай ярьсан
байна.
10 дугаар сард Казаньд болсон
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр А.Лукашенко ВВС-гийн тоймч Стивен
Розенбергт ярилцлага өгөхдөө,
Беларусийн улс төрийн хоригдлууд, тэдний дотор Мария Колесниковагийн өршөөл хүссэн
өргөдлийг судалж үзнэ гэдгээ мэдэгдсэн
байна.