Умард Солонгостой хэлэлцээгээ сэргээхэд туслахыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-02 12:22:47

ГЁНЖҮ, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхэд дэмжлэг авахын тулд Сөүлийн засаг захиргаа Бээжинтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх хүсэлтэй байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан хэлжээ.


Хоёр орны удирдагчид бямба гарагт Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Гёнжү хотод анх удаа нүүр тулан уулзсан байна. Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус улсад айлчилсан юм.


Өмнөд Солонгос, Хятад улсууд харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхэд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал чухал ач холбогдолтойг Ли Жэ Мён цохон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд Бээжинтэй стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.


Үүний хариуд Ши Жиньпин Өмнөд Солонгостой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны хүрээг тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр мөн Бээжин янз бүрийн сорилтуудыг хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, хөгжлийг хангахад илүү их хүчин чармайлт гаргахыг эрмэлзэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.


Ши Жиньпин Өмнөд Солонгост сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа төрийн айлчлал хийсэн нь энэ юм. Өмнөд Солонгосын тал Умард Солонгостой харилцаа холбоогоо сэргээх, Хятадтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд Бээжинтэй хамтын ажиллагаагаа сайжруулахыг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна. 

相关新闻