ЗАВХАН: Өсвөрийн улаан загалмайчид 2700 гаруй хүнд хүрч ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улаан
загалмайн хороо энэ онд “Малчдад
тусалъя” аяныг зохион явуулж 479.4 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ.
Бид энэ онд байгаль цаг уурын гэнэтийн аюулт үзэгдэл ган, зуд өвөлжилт хүндэрсэн үед малчдыг гэнэтийн бэрхшээлийг даван туулахад олон талын дэмжлэг үзүүллээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 15 сумын 469 малчин өрхөд 363.4 сая төгрөгийн бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц, ариун цэврийн хэрэглэл бусад эд зүйлсийг гардуулан өгсөн.
Түүнчлэн Завхан аймгийн төрийн болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй
хамтран “Малчдад тусалъя” аяныг зохион явуулж 116.5 сая төгрөгийн эд материалын зүйлс нийт 479.4 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ.
Нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд 14 сумын 1260 иргэнд ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, халамж үйлчилгээг үзүүлсэн байна.
Анхны тусламж үзүүлэх сургалтад 8 сайн дурын
идэвхтнийг хамруулж 56 удаагийн үйл ажиллагааг зохион явуулж, 4480 хүнд анхны
тусламжийн суурь ойлголтыг өгсөн.
Хүүхэд багачуудыг багаас нь хүнлэг энэрэнгүй хүн болгон төлөвшүүлэх зорилготой “Хүүхэд залуучуудын хөтөлбөрт” өнөөдрийн байдлаар 250 гаруй өсвөрийн улаан загалмайчид хамрагдаж байна.
Эдгээр өсвөрийн улаан загалмайчид үе тэнгийнхээ хүүхэд залуучууд, асаргаа шаардлагатай байгаа зорилтот бүлгийн иргэдэд 34 удаагийн үйл ажиллагааг зохион явуулж 2720 хүнд хүрч ажилласан байна.
2025 онд манай
хороо нийгмийн халамжийн хөтөлбөрийн хүрээнд өндөр настан иргэдэд зориулж
“Халамж өргөөг” шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж Завхан аймгийн Улаан загалмайн
хорооноос мэдээлэв.