ГОВЬ-АЛТАЙ: Тахианы аж ахуйн жишиг аймаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Уянгалянхуа хөгжил" ТББ-аас Говь-Алтай аймгийн хэмжээнд “Өрхийн тахианы аж ахуй” төслийг хэрэгжүүлэн тахианы аж ахуйн жишиг аймаг болгохыг зорин ажиллаж байна.
"Уянгалянхуа хөгжил" ТББ нь аймгийн иргэдийн амьжиргаанд хувь нэмрээ оруулах, аймгийн үйлдвэрлэлийг солонгоруулах, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж өрхийн амьжиргааг тэтгэх зорилгоор аймаг бүрд "Өрхийн тахианы аж ахуй хөгжүүлэх" төсөл санаачлан хэрэгжүүлэх зорилт тавин эхний аймгаар Говь-Алтай аймгийг сонгон “Говь-Алтай аймгийг өрхийн тахианы аж ахуйн жишиг аймаг болгох нь” төслөө 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
2023 онд Монгол Улс нийт өндөгний хэрэглээнийхээ 59 хувийг импортоор оруулж ирсэн байна. Тахиа, өндөгний аж ахуй бол 100 хувь эх орондоо үйлдвэрлэж болох боломжтой салбар учраас импортын 10 хувийг өөрсдөө үйлдвэрлэж чадах өрхийн аж ахуйг дэмжин ил төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд тахианы аж ахуй эрхлэх сургалтаас эхлээд төсөлд хамрагдсан өрхүүдээ тахиа шувуугаар ханган, шаардлагатай бүх тоног хэрэгслүүдийг нийлүүлжээ. Энэ төслийн хамгийн том давуу тал нь өөрсдийн хөгжүүлсэн өрхийн тахианы аж ахуйгаас гарах өндгийг өөрсдөө худалдан авч өрхүүдээ бүрэн чадавхижуулж, өрхийн орлогын эх үүсвэрт нь бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлогтой гэдгийг тус ТББ-аас онцлон танилцуулав.
Өрхийн тахианы аж ахуйг хөгжүүлэн иргэдийг энэ чиглэлд чадавхжуулах, цаашлаад амжилттай ажиллаж буй өрхүүдийг нэгтгэн өрхийн тахианы аж ахуйг өргөтгөн ферм хэлбэрт шилжүүлэх аж. Үүний сацуу тус аймгийн хэмжээнд иргэдийг дотоодын шинэ өндгөөр хангах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгоход ийнхүү дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.