ЗАВХАН: Дилов хутагт Б.Жамсранжавын тухай дуулалт жүжгийг тайзнаа тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-25 17:02:56

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дилов хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан түүний амьдралыг өгүүлсэн түүхэн дуулалт жүжгийг Түдэвтэй сумын Соёлын төвөөс найруулан аймгийн 24 суманд тавина.


Энэ жил номч мэргэн егүзэр, цорж, самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7 дугаар дүр Башлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 140 жилийн ой тохиож байна.


Мөн 2026 онд Түдэвтэй сумын 100 жилийн ой тохиож буй. Эдгээр түүхэн ойд зориулан соёлын төвөөс санаачлан олон нийтийн хандив дэмжлэгээр түүхэн дуулалт жүжгийг анх удаа найруулан бэлтгэж тайзнаа амжилттай тавилаа. Олон хүний дэмжлэгээр буюу нийт 80 гаруй сая төгрөгийн хандив тусламжаар энэ жүжиг олны хүртээл болж байна.


XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч энэ эрхэм хүмүүнийг төр, түүх, түмэн олон ой санамждаа үеийн үед үл мартан, бахархан дуурсаасай. Залуу хойч үе минь мэдэж таниасай хэмээн энэхүү жүжгийг найруулан тайзнаа тавилаа гэж Түдэвтэй сумын Соёлын төвийн дарга Б.Отгонбаатар мэдээллээ.


Түүнээс жүжгийн талаар тодруулга авснаа хүргэж байна.

-Түүхэн дуулалт жүжиг ямар агуулгыг үзэгчдэд өгч байна вэ?

-ХХ зууны монгол улсын шашин, улс төрийн  нэрт  зүтгэлтэн Дилов хутагт Башлуугийн Жамсранжавын амьдралын түүх, харийн нутагт эх орныхоо төлөө хэрхэн сэтгэл чилээн ажиллаж, ус нутгаа санан бэтгэрч байсан тухайг нь уран сайхны өгүүлэмжээр үзэгчдэд хүргэж байна.
Энэ эрхэм хүний тухай өгүүлэхэд баримт олдохгүйн зовлон байдаггүй. Учир гэвэл, хутагт өөрийн намтраа он жил, нас бүрээр дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээсэн юм. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс төрсөн гэх. Унасан газар нь манай Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөр, угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн байдаг.


Ах, эгч хоёртой, айлын гурав дахь хүүхэд. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаанаа учиртай л болов уу. Хутагтын эцэг эх нь ядуу хүмүүс байсан. Хутагт өөрийн намтартаа энэ тухайгаа, “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж дурдсан байдаг. Гэх мэтчилэн түүний амьдралын түүхийг дуу, бүжиг хослуулан дуулалт бүжгэн жүжгээр тайзнаа амилуулсан.


Жүжиг таван үзэгдэлтэй, 30 дүр оролцон тоглосон. Дуулалт жүжиг маань, бүжиг, найрал дуу гоцлол дуунаас бүрдсэн. Жүжгийг Дилов хутагтын өөрийн бичиж үлдээсэн дурдатгалаар, Түдэвтэй сумын уугуул зохиолч С.Одгэрэл зохиол бичиж, ахмад уран бүтээлч Л.Лхагважавын найруулгаар бүтээлээ.


Жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Борхүүгийн Батболд тоглож, туслах дүрүүдэд Идэр сумын харьяат хөгжмийн зохиолч Б.Дамбадаржаа нарын Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй сумын ардын авьяастнууд гээд 26 хүн оролцон тоглож байна. Жүжгийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, бүжгийн багшаар Соёлын тэргүүний ажилтан Э.Амаржаргал нар ажилласан. Жүжгийг бүтээхэд 40 орчим хүн оролцлоо.


-Жүжгийг хаана хэдэн удаа тавих вэ?

-Бид жүжгээ Дилов хутагтын төрсөн нутаг, Түдэвтэй сумынхаа Соёлын төвийн тайзнаа нээж иргэдэд үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн хойд болон зүүн бүсийн 9 сумын Соёлын төвд жүжгээ тавиад байна. Түүхэн дуулалт жүжгийг өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 1100 гаруй хүнд хүргээд байна. Он гараад аймгийнхаа бусад сумыг тойрч үзүүлэх юм. Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймагт мөн тоглох юм.

Гэгээн хутагт минь өөрийнхөө гараар бичсэн “Ар Монголын улс төрийн дуртгал” ном өдгөө түүхэн ховор чухал баримт болжээ. Энэ номын үндэс суурийг нь тавьсан “Ницан” сүм Нью-Жерси мужид сүндэрлэж байна.


Амьдрал тэмцэл нь “Цагаан дуганын гэгээ”, “Хорвоод ховорхон хүмүүс” кино, “Хүн, бурхан, адгуусын орноор”, “Дилов хутагт” романд мөнхөрч, дүр төрх нь Улиастай хотын Хутагтуудын хүрээлэн, Жавхлант толгой дээрх цагаан суварганаа үүрд үлдсэн.

Түүний төрсөн нутгийн уран бүтээлчид, түмэн олны санаачилга дэмжлэгээр түүхэн дуулалт жүжгийг нь бид ийнхүү бүтээгээд байна.

-Танд баярлалаа. 


Дилов хутагтын аав Башлуугийн дүрд ардын авьяастан Сандуйжавын Бямбажав тоглов


Латтимор Америк монголч эрдэмтний дүрд Соёлын тэргүүний ажилтан Магсаржавын Дамдинбазар тоглов


Их-Уул сумын Соёлын төвийн тайзнаа түүхэн жүжгээ тавилаа

相关新闻