Хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-23 15:55:07

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.


Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгажээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны тавдугаар сарын 18-нд баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн нэгдүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан уламжлав. Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн зүүн болон өмнөд хэсгийн бүс нутаг, Монгол зэрэг орныг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахтай холбоотой зарим өөрчлөлтийг оруулжээ. 

 

Монгол Улс нь 2000 оны долоодугаар сарын 26-нд Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, УИХ соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсон. Олон улсын гэрээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

相关新闻