Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс эхлэн 2025 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд
Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль,
Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан
арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар,
нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг
болголоо.
Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг
сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр
богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж,
хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга,
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн
Засаг дарга нарт даалгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.