ОРХОН: 2025 оны аймгийн төсвийг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. 2025 оны төсвийн төслийг хоёр дахь удаа боловсруулж, хуулийн дагуу Төрийн аудитын байгууллагад аудит хийлгэхээр, мөн аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хурлын байгууллагад аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 2025 оны Төсвийн тухай хууль, түүнтэй хамтатган өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан. Энэ сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн төсвийн хязгаарт өөрчлөлт орсон юм. Эхний удаа өргөн барьсан төсвийн 80 гаруй хувьд нь өөрчлөлт оруулсан гэдгийг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцоллоо. Тэрбээр, 2025 оны төсвийн төсөлд иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн иргэдээс хамгийн ихээр гарч буй саналыг үндэслэн эрчим хүчийг сайжруулах, инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгасан” гэдгийг тодотгов.
Төрийн аудитын байгууллага 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргаж, холбогдох санал дүгнэлтийг энэ сарын 25-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанд танилцуулах юм. Мөн аймгийн ИТХ-д аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэхээр 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн барьсан байна. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр” гэхчлэн баримт бичгийн хүрээнд боловсруулж, салбар тус бүрээр дөрвөөс дээш удаагийн хэлэлцүүлэг хийж, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд төлөвлөсөн. Хөтөлбөрийг мөн энэ сарын 25-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн батална.