ЗАВХАН: Ажил үүргийн давхардал үүсгэсэн зөрчил аудитаар илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төрийн байгууллагуудад
хийсэн хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөөний гүйцэтгэлийн аудитаар ажил
үүргийн давхардал үүсгэсэн зөрчлүүд илэрсэн байна.
Төрийн
байгууллагуудын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн
аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан Төрийн
аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн.
Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2023 оны “Аудитын сэдэв батлах тухай” 8 дугаар тогтоол, Төрийн аудитын байгууллагын 2024 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөг үндэслэн хоёр зорилтын хүрээнд гүйцэтгэлээ.
Нэгдүгээрт, төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, хууль эрх зүйг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн эсэх. Хоёрдугаарт төрийн байгууллагуудын хүний нөөцийн тогтолцоо нь сайн засаглалыг бий болгож байгаа эсэхэд аудит хийсэн.
Аудитын хүрээнд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 225 төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуй нэгжийг судалгаанд хамруулсан байна.
Нутгийн өөрөө удирдах болон
нутгийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын 178 төсөвт
байгууллага, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013-2024 оны үйл
ажиллагааг аудитад хамрууллаа.
Аудитаар нийт 22
дүгнэлт гаргасан бөгөөд эдгээр дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газрын нэгтгэл
тайланд тусгуулах 13 санал, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 7 заалт зөвлөмж
хүргүүлж ажиллалаа.
Орон тоо илүү ажиллуулсан, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, өгөөд тэнцээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон.
Төрийн захиргааны албан тушаалыг төрийн үйлчилгээний албан тушаалтнаар томилж цалинжуулсан, ажил үүргийн давхардал үүсгэсэн зэрэг зөрчлүүд аудитаар илэрсэн байна гэж Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас мэдээлэв.
Ташрамд, Үндэсний аудитын газраас наймдугаар сард “Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг эхлүүлсэн байна.
Тус аудитыг улсын
хэмжээнд нэгдсэн удирдамжаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд
төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсэн байна.