ХОВД: “Ногоон байгаль” эко клубийн үйл ажиллагааг сурагчдад танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх “Ногоон байгаль” эко клуб долоон гишүүнтэй.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
Тус клубийн сурагчид өнгөрсөн хугацаанд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын долоон сургууль, 16 цэцэрлэгээр орж, усны алдагдлыг багасгах судалгаа хийжээ.
Ингээд 232 суултуураас тав, 217 угаалтуураас гурав нь эвдрэлтэй байсныг захирал, эрхлэгч нарт уламжилж, жилд 922 тонн ус алдахаас сэргийлжээ.
Мөн эрүүл мэндийн салбар байгууллагад усаа хайрлан хамгаалах зөвлөмж өгч, 177 суултуур, 466 угаалтуурт ус алдагдлын судалгаа хийсэн юм.
“Ногоон байгаль” эко клубийн үйл ажиллагааг сурагчдад таниулах өдөрлөг өнөөдөр ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр боллоо.
Цаашид өдөрлөгийг бусад сургуулийн эко клубтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэж ИТХ-аас мэдээллээ.
Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэнд байгалиа хамгаалах үзлийг төлөвшүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд давуу тал болох юм.