Хятадын тал Америкийн гурван иргэнийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /VOA/. Хятадад олон жил хоригдож байсан Америкийн гурван иргэн суллагдаж, эх орондоо ирсэн тухай Цагаан ордон мэдээлжээ.
“БНХАУ-д хоригдож байсан Марк Сведан, Кай Ли, Жон Люн нарыг сулласныг зарлахдаа бид баяртай байна” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ бол бүрэн эрхийнх нь хугацаа нэгдүгээр сард дуусгавар болж буй Ерөнхийлөгч Жо Байдены хувьд дипломат ялалт юм. Эдгээр хүмүүс суллагдсанаар "Хятадад үндэслэлгүй баривчлагдсан Америкийн бүх иргэн" буцаж ирсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.
Эдгээр гурван эрэгтэйг үндэслэлгүйгээр баривчилсан гэж АНУ-ын засгийн газар үзэж байв. Свидан мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазаар авах ял сонссон бол Ли, Люн нар тагнуулын хэргээр хоригдож байжээ.
Ж.Байден болон түүний туслахууд Бээжинд саатуулагдсан Америкийн гурван иргэний асуудлыг удаа дараа хөндөж байсан хэмээн тус улсын албаны хүмүүс мэдэгдсэн байна. Перу улсад энэ сарын эхээр болсон Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ж.Байден Ерөнхийлөгчийн хувиар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй сүүлчийн удаа уулзахдаа тэднийг суллахыг уриалжээ.
Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа Ж.Байден дэлхий даяар үндэслэлгүйгээр баривчлагдсан 70 гаруй америкчуудыг эх оронд нь авчирчээ. Одоогийн байдлаар 10 гаруй оронд Америкийн 40 гаруй хүн барьцаалагдсан эсвэл үндэслэлгүйгээр хоригдсон хэвээр байна гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгджээ.