Израил, Хезболлагийн хооронд гал зогсоох гэрээ байгуулахад ойртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /Reuters/. Израил болон Ливаны хэт давруу үзэлтнүүдийн "Хезболла" бүлэглэлийн хооронд гал зогсоох гэрээ байгуулахад ойртсон тухай хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалжууд мэдээлжээ. Талууд ойрын өдрүүдэд гэрээ байгуулж магадгүй гэж АНУ-д суугаа Израилын Элчин сайд Майкл Херцог мэдэгдсэнийг "Reuters" агентлаг эш татан мэдээлсэн байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гал зогсоох төлөвлөгөөг "зарчмын хувьд" баталсан боловч зарим заалтуудын талаар тохиролцох шаардлагатай хэвээр байна гэж "CNN" телевизийн эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ уг төлөвлөгөөг Израилын цэрэг-улс төрийн кабинет батлах ёстой. Тус кабинетад энэ төлөвлөгөөтэй санал нийлэхгүй байгаа гишүүд байгаа юм. Тухайлбал, хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Израилын арми "ялах хүртэл" байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байна. "Энэ гэрээг байгуулахыг зогсооход оройтоогүй байна" гэж тэрбээр мэдэгджээ.
Түр эвлэрэх төлөвлөгөөнд тусгаснаар хоёр тал 60 хоног гал зогсоох ёстой. Энэ хугацаанд Израилын тал Ливаны өмнөд нутгаас цэргээ татаж, хилийн бүс нутагт тогтоосон хяналтаа Ливаны засгийн газрын цэргүүдэд шилжүүлэн өгөх ёстой бол “Хезболла” бүлэглэл Литани голын хойд хэсгээс хүнд зэвсгүүдээ татах ёстой. Харин АНУ эвлэрлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэв "Хезболла" гэрээг зөрчсөн тохиолдолд Израилд дэмжлэг үзүүлэх баталгааг өгөх ёстой ажээ.
Пентагоны Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн газрын дарга Дан Шапиро даваа гарагт Израилд хүрэлцэн иржээ. Тэрбээр Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац болон хэлэлцээнд оролцогч бусад төлөөлөгчидтэй уулзана.