ГОВЬ-АЛТАЙ: Угийн бичиг хөтлөх хөдөлгөөнийг дөрвөн жилийн турш явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-22 14:49:55

Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Соёлын үнэт өв болох угийн бичгийг үеэс үед уламжлан хөтөлдөг монгол зан үйлийг сэргээж, өрх гэр бүлийн уг гарвал, ураг удмын холбоо, элгэн садны хэлхээг бэхжүүлэх, монгол хүний удмын санд учирч болзошгүй цус ойртолтын эрсдэлээс сэргийлэх зорилгоор өрнүүлж буй “Угийн бичиг, удмын хэлхээ 2024-2028” хөдөлгөөнийг Говь-Алтай аймгийн хэмжээнд дөрвөн жилийн турш өрнүүлнэ.


Тус аймгийн 2024-2028 оны бодлогын баримт бичигт тусгагдсан томоохон ажил бол өрх бүр угийн бичгээ хөтлөх, удмын сангаа хамгаалах зорилгоор “Угийн бичиг-Удмын хэлхээ” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх юм.



Тус аймагт одоогоор угийн бичиг хөтлөлт 58 хувьтай байгаа гэсэн тоон судалгаа бий. Тэгвэл ирэх жилүүдэд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар, Насан туршийн боловсролын төв хамтран ирэх жилүүдэд угийн бичгийн хөтлөлтийг иргэн, өрх бүр ухамсартайгаар хөтөлдөг болгох ажлыг эрчимжүүлэн хөтлөлтийг 80 хувьд хүргэх зорилго тавьжээ.


Ингэхдээ угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах, угийн бичгийнхээ баяжуулалтыг тогтмол хийхийг олон нийтэд ойлгуулахыг анхаарч ажиллана хэмээн Говь-Алтай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын дарга С.Цагаанбаатар хэлж байлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ одоо өрх бүр ураг удмын баяраа хийж садан төрлөө мэдэлцэж угийн бичгээ ном болгон хэвлээд гаргачихжээ, одоо үүнийгээ цааш нь үргэлжлүүлж хөтлөх, баяжуулалт хийхэд анхаарах нь зүйтэй байна гэдгийг онцлон хэлж байсан юм. 




Говь-Алтай аймгийн тухайд 2024-2028 онд угийн бичиг хөтлөх хөдөлгөөнийг өрнүүлж, угийн бичгийн сангаа тогтмол баяжуулж, удмын сангаа хамгаалах ажилд иргэн бүр, өрх бүр анхаардаг болоход ач холбогдлыг таниулан ойлгуулах сургалт хэлэлцүүлэг, мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллах төлөвлөгөө гаргажээ. Энэхүү ажлын эхлэл болж тус аймгийн төрийн алба хаагчдад угийн бичгийн хөтлөлтийн сургалт хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа бөгөөд сум бүрд гурван сургагч багшийг бэлтгэх сургалтыг энэ өдрүүдэд Алтай суманд зохион байгуулж байна. 


相关新闻