Ц.Батчулуун агсны “Хөгжмийн эгшиг” эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны үүсгэн байгуулсан Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын шавь нар нь хүндэт багшдаа зориулан “Хөгжмийн эгшиг” тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 25-нд Улсын Филармонийн концертын танхимд болох энэхүү тоглолтын удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан ажиллах аж. “Хөгжмийн эгшиг” хэмээх тансаг аялгууг Ц.Батчулуун агсан 1980 онд зохиосон бөгөөд үндэсний таван хөгжмийн эгшигт зориулсан байдаг юм.
Энэхүү аялгуугаар дамжуулан монгол хөгжмийн яруу тансгийг, түүний дотроос эгшиг бүрийн уянгалаг хослолыг сонсогч түмнийхээ сонорт хүргэхээр бүтээж байжээ. Ардын жүжигчин Ц.Батчулууны олон гайхалтай бүтээлүүдийн нэг болох “Хөгжмийн эгшиг” аялгууг хөгжимчин, удирдаач хүнийхээ хувьд ихийг тунгааж найруулсныг хөгжим судлаачид үздэг аж.