ЗАВХАН: 10 сумын Засаг даргыг томилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар, тухайн сумдын ИТХ-ын тогтоол болон Авлигатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай дүгнэлтүүдийг үндэслэн нэр бүхий 10 сумын Засаг даргыг баталж томилсон байна.
Улиастай сумын Засаг даргаар Ч.Наранбат, Сантмаргаз сумын Засаг даргаар Б.Баярмаа, Цэцэн-Уул сумын Засаг даргаар Ж.Ломбоо, Шилүүстэй сумын Засаг даргаар Ш.Түвшинбат, Баянхайрхан сумын Засаг даргаар Б.Наваандэмбэрэл, Идэр сумын Засаг даргаар Б.Батзоригт, Их-Уул сумын Засаг даргаар Г.Батсүх нарыг энэ сарын 14-ний өдөр захирамж гарган томилжээ.
Мөн Цагаанхайрхан сумын Засаг даргаар Л.Бат-Амгалан, Тэлмэн сумын Засаг даргаар Э.Төрболд, Завханмандал сумын Засаг даргаар Ц.Лхагвасүрэнг томилсон захирамжийг гаргалаа. Завхан аймаг 24 сумтай эдгээрээс 10 сумын Засаг даргыг томилоод буй юм. Аймгийн төв, Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Ч.Наранбат нь улирч сонгогдсон бол бусад Засаг дарга нар шинээр томилогдсон байна. Эдгээр 10 сумаас Сантмаргаз сум эмэгтэй Засаг даргатай болжээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Монгол Улсын
засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд, Засаг даргыг
томилуулахаар тухайн ИТХ-ын болон иргэдийн нийтийн хурал
нэр дэвшүүлнэ.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч
дараах шаардлагыг хангасан байна.
-Дээд боловсролтой;
-Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
-Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон
бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
-Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
-Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг
хангасан байна:
-Хорооны Засаг даргад дээд, багийн Засаг даргад бүрэн
дундаас дээш боловсролтой байна гэж заасан байна.