Сонгогчийн мэдлэгтэй холбоотой жижиг сажиг алдаа гарч байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын ордонд Сумын ИТХ-ын 6-р хэсэг ажиллаж, Жаргалан багийн нийт 1344 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн байна. Тус санал авах байранд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэргүүд ирж санал өгч байв.
Цэргүүд олноор ирж санал өгөхөөр дугаарласан хэдий ч ахмадууд, жирийн иргэдийг санал өгөх явцад нь дараалалгүй оруулж, ямар нэг хүндрэл учруулаагүй.
Сонгуулийн зохион байгуулах хорооноос цэргүүдийн санал өгөх явцад сонгогчийн мэдлэг, мэдээлэлтэй холбоотой саналын хуудас нугалах, хар машинд саналын хуудас хийх аргаа олохгүй байгаа зэрэг жижиг алдаа гарч байгааг хариуцсан ахлагч, дэслэгч нарт анхааруулж байлаа.
Тус хэсгийн хороонд сурвалжлага хийхээр орж ирсэн сэтгүүлчдийг бүртгэж, гарын үсэг зуруулж, нэр хаяг, албан тушаал, ажлын байрны хаягий нь хүртэл бүртгээд авав.
Зарим нэг саналаа өгсөн сонгогчид нэг багаас хоёр намын 6 хүн нэр дэвшиж байгаа нь өөрийн багтаа аль намаас хэдэн хүн дэвшиж, хэнд саналаа өгөхөө мэдэхгүй сурталчилгаа танилцуулга хийгдээгүй гэсэн шүүмж хэлж байв.
А.Бямбасүрэн