ДОРНОГОВЬ:Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 11 дүгээр сарын 12-13-нд таван үе шаттай зохион байгуулжээ.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт тус сумын удирдах
бүрэлдэхүүн, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, төрийн болон тусгайлсан чиг
үүргийн байгууллага оролцож
гамшгийн үед ажиллах мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, гамшгаас хамгаалах
төлөвлөгөөнд тодотгол хийсэн төдийгүй бэлэн байдлын үзлэгээр 92.8 хувь буюу “А" үнэлгээтэй дүгнүүлсэн байна.
Энэхүү үзлэгийг Монгол Улсын
Шадар сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Онцгой
байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд
зохион байгуулжээ.
Ташрамд, тус суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 онд зохион байгуулж "Яаралтай цуглар” дохиогоор ажиллах, штабын дадлага, удирдах ажилтны бие бялдар, сэтгэл зүйн сорил дадлага сургууль хийж байснаас гадна сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлтийн дадлага сургууль, химийн бодисын ослын үед авах хариу арга хэмжээний дадлага сургууль, хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлагыг тус тус зохион байгуулж байсан юм.