ЗАВХАН: Сонгино, Асгат сумын соёлын төвүүд хамтран хүүхдийн жүжгийг амилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-15 13:39:31

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Асгат, Сонгино сумын Соёлын төвүүд соёлын бүтээлч сарын хүрээнд хүүхдийн жүжиг тавина.


Завхан аймгийн соёл урлагийн байгууллагууд “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд 189 тоглолт, 16 үзэсгэлэн, 25 боловсролын хөтөлбөр, 58 төрлийн хэлэлцүүлэг сургалт, 69 төрлийн нөлөөллийн ажил,14 контент бүтээж нийт 370 гаруй төрлийн соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сумдын Соёлын төвүүд мөн тусгай хөтөлбөрийн дагуу орон нутагтаа сарын турш соёлын бүтээлч сарыг тэмдэглэх юм.


Өнгөрсөн жил Түдэвтэй сум орон нутагтаа анх удаа хүүхдийн жүжгийг соёлын төвдөө тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан бол энэ сард Асгат, Сонгино сум нэрт жүжгийн зохиолчийн бүтээлийг амилуулан сумынхаа соёлын төвд бүх насныханд зориулан тавих гэж байна.


Л.Ванганы зохиол “Худалдагчийн зүүд” жүжгийг Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаярын мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр энэ сарын 15-18-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм. 


Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр:

-"Худалдагчийн зүүд" жүжиг хүүхдүүдэд ямар үзэл санааг төлөвшүүлэх вэ?

-Жүжгийн үзэл санаа нь амьдралд мөрөөдөл, төсөөлөл хэр чухал болохыг харуулдаг. Мөрөөдлөөр баялаг сэтгэлгээ нь зөвхөн бага насныханд төдийгүй бүх хүмүүст хэрэгтэйг, мөн төсөөлөл, уран зөгнөл нь биднийг хэрхэн баясган, хөгжөөдөг вэ гэдгийг ойлгуулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл худалдагчийн дүрээр дамжуулан хүмүүсийн амьдралд ид шид мэт мэдрэмжийг оруулж, энгийн зүйлсээс аз жаргал, баяр баяслыг олж харах нь чухал болохыг ухааруулна. Ид шидийн ертөнцийн өнгө аястай бөгөөд хүүхдүүдэд сонирхолтой түүхийг өгүүлэх юм.

Жүжгийн гол дүр нь хүүхдийн тоглоом, үлгэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хөгшин худалдагч юм. Тэрээр өдөр бүрийн энгийн ажлынхаа дунд өөрийнхөө төсөөлөл, мөрөөдлөөр баян ертөнцийг бүтээдэг. Гэвч нэгэн шөнө тэрээр гүн нойронд автаж, өөрийн ажиллуулдаг дэлгүүрийн тоглоомууд амь орж, амьдралд нь шинэ адал явдлуудыг авчирдаг.

Энэ дэлгүүрт амь орсон тоглоомууд бие биетэйгээ ярилцаж, элдэв сонин үйлдэл хийж хөгжилтэй адал явдлууд өрнөнө.

Тэдний дунд таван хөөрхөн хүүхэлдэй, хайрцаг дахь хоёр галуу, туулай зэрэг сонирхолтой дүрүүд бий. Жүжгийн туршид эдгээр дүр худалдагчтай хамт янз бүрийн сорилтуудтай тулгарч, хамгийн гол нь өөрийнхөө итгэл найдвар, мөрөөдлөө биелүүлэхийг зааж өгч ойлгуулдаг үйл явдал гарна.


-Үзэгчдэд ямар сургамжийг өгөх бол?

-Жүжгээр дамжуулан хүүхдүүдэд итгэл, мөрөөдлөө алдахгүй байх нь ямар чухал болохыг ойлгуулах юм. Мөн найз нөхдийн бие биедээ тусалж буйг тайлбарлан таниулна. Насанд хүрэгчдэд амьдралыг энгийн зүйлээс хэрхэн аз жаргалтай болгохыг харуулах юм. Худалдагчийн зүүд нь хүүхдүүдийн төсөөлөл, мөрөөдлийг хөгжүүлэх, инээд баясал, адал явдлаар дамжуулан хүмүүжлийн үнэт зүйлсийг ойлгуулах л зорилготой. 

Мэргэжлийн театр, чуулгын тайзнаа аливаа жүжгийн уран бүтээлийг амилуулна гэдэг асар их хөдөлмөр, зориг тэвчээр шаарддаг хүнд үйлдвэрлэл юм. Жүжиг бол өөрөө нэгдмэл шинж чанартай. Бид соёлын сарын хүрээнд нэрт зохиолчдоо таниулах, тэдний уран бүтээлүүдээс олон нийтэд сурталчилж, ойлгуулах, таниулах соён гэгээрлийн ажлуудыг хийхийг зорьсон. Түүний нэг нь энэхүү жүжиг юм.


Л.Ванган бол Завхан аймгаас төрсөн, Монголын тайз дэлгэц, киноны нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч хүн. Түүний 1955 онд туурвисан “Худалдагчийн зүүд” жүжгийг бид сонгож орон нутгийнхаа уран бүтээлчидтэй хамтран соёлын төвийн тайзан дээр амилуулах гэж байна.


Ер нь жүжгийн зохиол дотор оршиж байгаа нэг үгийн утга, дүрийн харилцан яриа, үйл хөдлөлийн  нийлэмж нь өөр өөрийн гэсэн зорилготой, хөдөлгөөнтэй, амьтай учраас маш нарийн оюун ухааны, ухамсрын үйлдэлт асаргаа ажиллагаа их шаардагддаг. Харин манай Асгат, Сонгино сумын Соёлын төв театр урлагийн бүтээлийг орон нутагтаа, өөрсдөө оролцон тоглож, дэмжиж, хамтран ажиллаж байгаа нь бахархам байна. 


-Жүжигт ямар хүмүүс тоглож байгаа вэ?

-Энэ жүжиг зөвхөн хүүхдүүдэд зориулаагүй. Мөн насанд хүрэгчдэд зориулсан үлгэрийн жүжиг гэдгийг дахин хэлье. Жүжигт тухайн сумдын соёлын төвийн уран бүтээлчид болон 10 дугаар ангийн 5 хүүхэд хамтран тоглож байна. Эдгээр сумдын Соёлын төвүүд өөрсдийн уран бүтээлчидтэй хамтран орон нутагтаа анх удаа жүжгийг найруулан тавьж байгаагаараа онцлогтой. Жүжиг хоёр бүлэг, 4 үзэгдэлтэй 1 цаг 20 минут үргэлжлэх юм.

Манай жүжгийн үзэгч хүүхдүүд онцлогтой. Учир нь хүүхдийн анхаарал маш амархан сарнидаг. Тогтож суухад насны онцлогтой байдаг учраас тэдний анхаарлыг байнга татахаар үйл явдал нь маш эрчимтэй өрнөж, жүжигчдийн тоглолт нь маш их хувиралтай, сонирхолтой өрнөнө. Мөн дуу, бүжиг, өнгө алаглан тайзнаа хором мөчөөр өрнөж байж хүүхдүүд анхаарал нь сарнихгүйгээр үздэг.  Тиймээс  жүжгийн нэг онцлог бол өрнөл ихтэй, уйдаахгүй сонирхолтой байх юм. 


Завхан аймгийн Асгат сумын Соёлын төвийн дарга Г.Пүрэвжаргал:


-Сумандаа анх удаа хүүхдийн жүжиг тавих гэж байна? Бэлтгэл хангагдсан уу?

-Бид сумынхаа иргэд, хүүхэд залуучуудад зориулж Урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт, зохиолч, найруулагч Л.Ванганы “Худалдагчийн зүүд” хүүхдийн жүжгийг Сонгино сумын Соёлын төвтэй хамтарч тавихаар бэлтгэл хангаж дууссан. Өнөөдрөөс жүжгийг үзэгчдэдээ тавих гэж байна. Мэдээж анх удаа учраас туршлага дутах зүйл байлаа. Гэхдээ аймгийн Соёл урлагийн газраас мэргэжлийн хүн ирж Соёлын төвийн уран сайханчид болон хүүхдүүдэд маань арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажилласан нь том дэмжлэг юм.

Соёлын бүтээлч сарын хүрээнд бид аймгийн Соёл урлагийн газартай олон талын үйл ажиллагаанд заавар зөвлөгөө авч хамтран ажиллаж байна. Соёлын төвийн уран сайханчид маань маш их хичээж ажиллалаа. Сонгино сумын Соёлын төвийн ардын авьяастнууд, сургуулийн хүүхдүүдтэй мөн хамтран ажиллаж байна. Сумынхаа түүхт 40 жилийн ойдоо зориулсан анхны, тайзны томоохон уран бүтээлийг бэлэн болголоо.


-Соёлын төвд мэргэжлийн жүжгийг тавина гэдэг багагүй ур чадвар шаардсан байх?

-Тайзнаа шинэ уран бүтээл тавина гэдэг багийн ажил. Тэр дундаа томоохон жүжгийн зохиолчийн алдартай уран бүтээлийг амилуулна гэдэг хариуцлага юм. Манай сумын уран сайханчид маань ч их хичээлээ. Сонгино сумын Соёлын төвийн дарга манай хамт олонд хүүхдийн жүжгийг хамтарч тавих саналыг анх тавьсан юм. Ингээд бид саналыг хүлээн авч хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөдөө сумын Соёлын төвийн ажиллах хүч дутагдалтай байдаг. Тиймээс хамтын ажиллагаа чухал юм. Бид соёлын сарыг бүтээлчээр өнгөрүүлэх, хөдөөгийн иргэд, хүүхэд залуучууддаа шинэ сонин үзүүлбэр, уран бүтээлийг үзүүлэхийг зорьсон учраас л энэ ажил маань хамтын хүчээр бэлэн боллоо.

Жүжгийн маань ерөнхий найруулагч, зөвлөн туслагчаар Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунбаяр ажиллаж байна. Орон нутагт ажиллаж байгаа уран сайханчдад маш их арга зүйн зөвлөгөө өглөө. Жүжигт оролцож байгаа баг хамт олон, ардын авьяастнууддаа маш их баярлалаа. 


Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч Б.Сүндэрьяа:


-"Худалдагчийн зүүд" жүжгийн ямар дүрийг бүтээж байна вэ?

-Жүжгийн туслах дүр буюу монгол хүүхэлдэйн дүрийг бүтээж байна. Анх удаа мэргэжлийн жүжигт тоглож байгаа болохоор бэрхшээлтэй зүйл их байна. Гэхдээ бэрхшээлээс илүү сонирхолтой байсан. Урлагийг илүү өргөн хүрээтэй ойлгодог боллоо. Мэргэжлийн тайзны жүжиг гэж ямар байдаг талаарх мэдлэгтэй боллоо. Багаар ажиллаж, багаараа хариуцлагатай байхыг суралцлаа.

Энэ жүжигт 5 хүүхэлдэй гардаг. Би нэгдүгээр хүүхэлдэй нь юм. Монгол хүүхэлдэй болохоор монгол дээл хувцастайгаа ихэвчлэн бүжиглэж, дуулдаг. Дуулж бүжиглэхээс гадна бусад дүртэйгээ харилцан ярилцдаг. Эерэг талын дүр бөгөөд худалдагчид маш их тусалдаг. Дүрээ илүү тодотгох, ойлгуулах тал дээр хичээж байна.


-Жүжиг хүүхдүүдэд яг ямар мэдээллийг өгөх бол?

-Жүжгийн зохиол маш сонирхолтой. Найз нөхдийн итгэлээр мөрөөдлөө алдахгүй байх. Буруу зөвийн ялгаа, хүсэл мөрөөдөлдөө хязгаар тавихгүйгээр мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэх. Ямарваа нэгэн зүйлийг гэгээн, болж бүтэх талаас нь хардаг болохыг, шантрахгүй байхыг л энэ жүжигт өгүүлж байгаа. Хамгийн чухал нь найз нөхдийн нандин харилцаа ямар чухал болохыг хүүхдүүд эндээс ойлгож авна. 


Завхан аймгийн Сонгино сумын Соёлын төвийн дарга Ц.Ууганболор:


-Соёлын төвийн тайзнаа анх удаа жүжгийн уран бүтээлийг тавьж байна. Бэлтгэл хангагдсан уу?

-Тийм ээ. Хүүхдийн жүжгийг анх удаа сумынхаа соёлын төвд тавих гэж байна. Багаараа хичээн ажилласны дүнд бэлтгэл бүрэн хангагдаж өнөөдөр жүжгээ тавих гэж байна.

Уг нь манай соёлын төв нь 1961 онд “Далан худалч” жүжгийг сумандаа найруулан тавьж байсан түүхтэй. Мөн 1983 онд Ардын жүжигчин Гантөмөрийг урьж Ардын театрыг байгуулан “Ёс ёмбогор төр төмбөгөр”, “Гарын таван хуруу”, “Найрын ширээний ууц᠌᠌᠌᠋᠋”, "Ламбугайн нулимс" зэрэг олон жүжгийг найруулан тавьж улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан туршлага, түүх бий.

Сүүлийн жилүүдэд жүжиг найруулан тавих баг, хүн хүч байхгүйгээс энэ ажил зогссон байна. Гэсэн хэдий ч Сонгино сумын Соёлын төв хүүхэд залуучууд, иргэддээ соёл урлагийн олон талт үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр хүргэхийг зорин ажилладаг.

-Соёлын бүтээлч сарын хүрээнд сумандаа хийх уран бүтээлүүдийн нээлт энэ жүжгээр эхэлж байна уу?

-Тийм ээ. Соёлын бүтээлч сарын хүрээнд сумандаа шинэ, далайцтай томоохон уран бүтээлийг тавихаар бэлтгэж, багийн хамтын ажиллагааны хүчинд өнөөдөр жүжгийн эхний тоглолт болох гэж байна.

Соёлын төв маань хүүхдийн жүжиг анх удаагаа тавих гэж байгаадаа баяртай байна. Ардын авьяастнууд маань, жүжигт оролцон тоглож байгаа хүүхдүүд ч мөн адил бүтээлч бэлтгэл сургуулилалтыг хийлээ.

Энэ сарын 15-17-ны өдрүүдэд шинэ уран бүтээл болох Урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт, зохиолч, найруулагч Л.Ванганы “Худалдагчийн зүүд” хүүхдийн жүжгийг Асгат сумын Соёлын төвтэй хамтарч толилуулна.

Хоёр сумын уран бүтээлчид, ардын авьяастнууд, хүүхдүүд хамтран соёлын бүтээлч сарын хүрээнд нэрт зохиолчдын уран бүтээлүүдийг олон нийтэд таниулах, жүжгээр дамжуулан бүх насныханд эерэг мэдээлэл өгөх, сургамж өгөх соён гэгээрүүлэх ажлыг хийж байна. Энэ сарыг дуустал бид соёл урлагийн бүх талын үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 



Асгат, Сонгино сумын Соёлын төвийн уран сайханчид жүжгийн зохиол дээр ажиллаж байна



Худалдагчийн зүүд жүжгийн хүүхэлдэйн дүрүүдийн бэлтгэл

相关新闻