ЗАВХАН: Мухартын голыг 3700 гадаадын жуулчин зорин үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-05 14:10:35

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймагт он гарсаар нийт 43 мянган дотоод, гадаадын жуулчин ирснээс Мухартын голыг 12000 хүн зорин үзжээ.


Дотоод, гадаадын жуулчдын хамгийн их очдог газруудын нэг нь Мухартын гол бөгөөд энэ жил гадаадын 3700 жуулчин тус газрыг зорьж үзсэн байна.


Мухартын гол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 400 м өндөр элсэн манхнаас эх авч урсдаг.

Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс  жимсгэнэтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.


Голын эх рүү өгсөх тусмаа ус нь цэл хүйтэн болох ба хагас дугуй амфитеатр мэт элсэн манхан гээд байгалийн өвөрмөц гайхалтай тогтоц энд бий.


Аймгийн төвөөс 60 км, Эрдэнэхайрхан сумын төвөөс 3 км зайтай. Уг голд очиход шавар намагт явахад суухгүй тээврийн хэрэгслээр явбал тохиромжтой. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Ялангуяа дотоодын жуулчид аялагчдын тоо жил бүр өсөж энэ жил 8300 хүн иржээ.  

Мухартын гол


Бор хярын элсэн манхан дундах Мухартын гол


Мухартын голын өвөрмөц тогтоц. Гэрэл зургуудыг Б.Баярын архиваас

相关新闻