Гурван үеийн багш нар уран бүтээлээ толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГРажив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн 50 жилийн ойд зориулан гурван үеийн багш нар өнөөдөр уран бүтээлийн үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ.
Тус сургууль ардын болон арьсан урлал, уран зураг, үндэсний хувцас,уран дархан, үйлдвэрлэлийн график дизайн зэрэг 32 мэргэжлээр ур чадвараараа дэлхийн жишигт нийцсэн, зах зээлийн нийгэмд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлч УГЗ, Төрийн шагналт, зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан, Н.Ихтөр, гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нар улс орныхоо соёл урлагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Үзэсгэлэнд үндэсний уламжлалт хэв маягаас орчин үеийн чиг хандлагатай уран бүтээлүүдийг толилуулж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд тус сургуулийн 30 гаруй багшийн мөнгө, ган, мод, металл, холимог материал, даавуу, зэс, гууль, арьсаар хийсэн 40 гаруй бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, УГЗ, Төрийн шагналт, зураач Ц.Ойдовын “Төрийн сүлд,” Уран бичлэг”, УГЗ, барималч Д.Дамдиймаа нарын бүтээлээс гадна Үнэт эдлэлийн дархны багш Б.Жамаагийн мөнгөөр хийсэн “Эмэгтэй гоёл”, “Хуримын бөгж”, Чимэглэх урлагийн багш Н.Саруулын “Дөрвөн өнгө”, “Мойлтын тохой”, Хүүхэлдэй урлалын багш А.Баярбаатарын “Хатан” сийлбэр үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байлаа.
Тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ