ЗАВХАН: Хүүхэд, залууст сарын турш хуримтлалын ач тусыг таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-31 12:06:11

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дэлхийн хуримтлалын өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатайгаар 10-р сарын 1-нээс эхлэн улс орон даяар нэг сарын хугацаанд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих. Хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон талт үйл ажиллагааг өрнүүлжээ.


Завхан аймагт хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг болон арилжааны банкуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх олон талт ажил сарын турш зохион байгуулсан. Тухайлбал, Завхан аймаг дахь Монгол банкны салбараас хүүхэд, залуусын дунд “Зорилготой хуримтлуулъя” уриатай REEL-ийн уралдааныг зохион байгуулж олон нийтийн сүлжээнд бүтээлүүдийг байршуулжээ.


Мөн 24 сумын арилжааны банкууд хүүхэд, залуучуудын дунд гар зургийн уралдаан, цахим орчин дахь тэмцээнүүдийг зохион байгуулахаас гадна сургалт, уулзалтуудыг хийж, хуримтлалын ач холбогдлыг таниулж сурталчилжээ.


Тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2017 оноос хойш Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж эхэлснээс хойших 100 дахь жилийн ой энэ жил тохиож байна.


Завхан аймгийн арилжааны банкуудад 66898 хадгаламж эзэмшигч хугацаатай болон хугацаагүй хадгаламжтай байна.


Үүнээс хугацаатай 159.915.4 сая төгрөгийн, хугацаагүй 33.670.9 сая төгрөгийн, хугацаатай 1.810.7 сая валютын, хугацаагүй 85.1 сая валютын хадгаламж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хадгаламж зэмшигчийн тоо өссөн байна. Аймгийн хэмжээнд Монгол банк, ХААН, ХАС, Төрийн банкны нийт гурван салбар 53 тооцооны төвөөр дамжуулан иргэдэд санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна гэж Завхан аймаг дахь Монгол банкны салбараас мэдээлэв. 

Цагаанхайрхан сум дахь Төрийн банкнаас хуримтлалын ач тусын талаарх ярилцлага хийжээ

相关新闻