ГОВЬ-АЛТАЙ: Хамгийн шилдэг бизнес санааг 10 сая төгрөгөөр урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “START UP” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг.
Орон нутагтаа гарааны бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, тэднийг дэмжих, орон нутгийн залуучуудыг гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох, ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг олгодгоороо энэ хөтөлбөр онцлогтой.
2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа энэ хөтөлбөрт энэ жил Говь-Алтай аймгийн 30 залуу бизнесийн шинэ санаагаа дэвшүүлэн оролцож байна. Тэд хоёр хоногийн турш бизнес санаагаа өргөжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэлтэй болох зорилгоор сургалтад хамрагдаж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн залуучуудын бизнес санааг дэмжих, залуучуудаар удирдуулсан брэндийг бий болгохоор хамгийн шилдэг бизнес санааг 10 сая төгрөгөөр урамшуулах тухай ХХҮГ-ын дарга Д.Баттайван онцлон танилцууллаа.