ХОВД: 11 дүгээр сард салхи шуурга ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-29 14:51:45

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирэх сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан мэдээлэл танилцууллаа.


Ирэх сард нийт нутгаар агаарын дундаж температур болон хур тунадас олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.  


Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.  


Уур амьсгалын тойм мэдээллээс үзэхэд, агаарын температурын сарын дундаж утга нь олон жилийн дунджаар алтайн салбар уулсаар -12-20 градус, бусад нутгаар -8-12 градус хүйтэн байдаг. Харин тухайн сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар 0-4 мм байдаг.


Ирэх сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 1-3 градус хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна.   


Мөн ирэх сарын нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.  


11 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга их байх тул иргэд холын замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээтэй тогтмол танилцаж, ажлаа төлөвлөхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.  


Өнөөдөр Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Алтайн өвөр говь болон уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр байна. 


Агаарын температурын хувьд  уулархаг нутгаар +3+8 градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна.


相关新闻