Гүржид парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн олон мянган хүн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ, 2024 оны аравдугаар сарын 29 /VOA/. Гүрж улсад өнгөрсөн бямба гарагт болсон парламентын сонгуульд эрх баригч нам ялсныг эсэргүүцэн тус улсын олон арван мянган иргэн жагсаж, сонгуулийн дүнг Оросын тусламжтайгаар луйвардсан хэмээн мэдэгджээ.
Тус улсын сонгуулийн хорооноос зарласан дүнгээр эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 54 орчим хувийн санал авсан бол барууныг дэмжигч сөрөг хүчний дөрвөн эвсэл 38 орчим хувийн санал
авсан байна.
Гүрж улсыг
Европын Холбоонд /ЕХ/ элсэх зорилгоос холдуулж,
Оросын хүрээлэлд эргэн оруулж байна
хэмээн сөрөг хүчнийхний зүгээс эрх
баригч намыг олон сарын турш буруутгаж иржээ.
Гүржийн нийслэл Тбилиси хот дахь парламентын ордны гадна олон арван мянган жагсагч Гүрж
болон ЕХ-ны далбааг намируулж
байлаа. Барууныг дэмжигч Ерөнхийлөгч Саломе Зурабишвилиг жагсаалын үеэр үг хэлэхийн өмнө жагсагчид Гүржийн төрийн дууллыг дуулсан байна.
“Та бүхний саналыг хулгайлж луйвардсан, гэхдээ бидний ирээдүйг хулгайлахыг бид хэнбугайд ч зөвшөөрөхгүй. Бидний байх ёстой Европыг чиглэсэн замд эцсээ хүртэл та бүгдтэй хамт байхаа тангараглая” гэж С.Зурабишвили мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сонгуулийг Оростой холбоотой нарийн боловсронгуй аргыг ашиглан луйварджээ.
АНУ, Герман, Франц улсууд, ЕХ мөн бямба гарагт болсон санал хураалтын үеэр гарсан “зөрчил”-ийг зэмлэн буруушаасан байна. Харин Москвагийн зүгээс сонгуулийг луйвардсан, хөндлөнгөөс оролцсон гэх мэдэгдлийг няцаажээ.