С.Эрдэнэжаргал:Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гол ажлаа чиглүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дарга С.Эрдэнэжаргалтай уулзаж, шинээр хүлээн авсан салбарынх нь ажил байдлын талаар тодруулж ярилцлаа.
-Шинэ албанд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Таныг Хэнтий аймгийн нийгмийн хөгжлийн салбар хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсныг мэдэх юм байна. Ажлын туршлагаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд төрийн албанд 14 жил ажиллаж байна. Анх хуучнаар ӨЗБДСургуульд багшаар ажлын гараагаа эхэлж, Норовлин сумын ЕБС-ийн захирал, аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, Аудитын газарт шинжээч, АЗДТГ-т Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга зэрэг сүүлийн жилүүдэд нийгмийн салбарт ажиллаж байсан.
-Засгийн газрын шинэ бүтцээр зарим хэлтэс агентлагуудыг нэгтгэсэн. Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын хувьд нэгдсэнээр чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтад хэрхэн өөрчлөлт орж байгаа вэ?
-Шинэ Засгийн газраас аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн баталсан. Энэ тогтоолоор хуучнаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар аймаг, дүүргүүдэд 2016 оны 8-р сараас байгуулагдсан. Чиг үүргийн хувьд Хэнтий аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй, шуурхай хүргэх замаар нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний төрийн бодлогыг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг юм. Манай газрын орон тоо бүтцийн хувьд дотроо 3 хэлтэс, нийт 48 орон тоотой ажиллахаар батлагдсан байгаа.
-Хоёр тусдаа хэлтэс болж ажиллаж байсны хувьд нэгтгэхээр орон тооны цомхотгол хийгдэх үү?
-Хуучин аймгийн НХҮХ үндсэн 48, нэмэлт гэрээттэйгээ нийлээд 56 орон тоотой, Хөдөлмөрийн хэлтсийн хувьд 22 орон тоотой буюу нийт хоёр байгууллага 70 гаруй хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан байна. Засгийн газраас баталсан шинэ бүтцээр манай Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар 48 орон тоотойгоор батлагдсан. Дотроо зарим ажилтнуудын ажиллах чиг үүргүүд нь өөрчлөгдсөн, хоорондоо нэгдэж нийлсэн зүйлүүд бий. Үнэхээр яалт ч үгүй тухайн ажилтны бүтэц, орон тоо байхгүй болсон нөхцөлд цомхотгол хийхээс өөр аргагүй юм. Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хуулиар гэнэт халагдсаны тэтгэмжээ авах боломжтой байгаа.
-Хүүхдийн 20.000 төгрөгийг сүүлийн 3 сар олгосонгүй зогсоолоо. Үүнд иргэд нэлээд бухимдалтай байна. Энэ мөнгө үргэлжлэн олгогдох уу?
-Хүүхдийн мөнгө бүх хүүхдэд үргэлжлэн олгогдоно. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын Их хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан 2 өөр цаг хугацаанд олгохоор зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдийн мөнгийг дансанд байршуулан, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2019 оноос үе шаттайгаар бэлнээр нөхөн олгох юм.
Манай аймгийн хувьд 2015 оны статистик мэдээгээр 24040 хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдаж байсны 63 хувьд нь бэлнээр, 37 хувьд нь бэлэн бусаар олгохоор болоод байна. Хүүхдийн мөнгөө бэлнээр авах нөхцөл шаардлага хангасан өрхийн хүүхдийн мөнгийг 7-р сарын 1-ний өдрөөс тооцон сүүлийн 3 сарыг бөөнөөр нь арилжааны банкуудаар олгоод байна. Одоо удахгүй 10 сарын мөнгө олгогдоно.
Тиймээс иргэдийн хувьд хүүхдийн мөнгөнөөс хасагдлаа, хүүхэд маань авахгүй үлдчихвий гэж санах зовох шаардлагагүй, “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох” журмын дагуу бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авна. Хүүхэд мөнгөө гар дээр авах цаг хугацааны хувьд зохицуулалт хийгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Иргэд, өрхийн амьжиргааны түвшний босго оноогоо мэдэхийн тулд тухайн амьдарч байгаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж, 502.567 босго шугамны хаана нь байгаагаа мэдэх бүрэн боломжтой.
Энэ оны 11 сараас улс орон даяар өрхийн амьжиргааны түвшин тогтоох 3 дахь удаагийн томоохон судалгаа хийгдэнэ. Энэ ажлыг орон нутагт манай газар зохион байгуулахаар бэлтгэл ажилаа хангаж байна. Уг судалгааны гол зорилго бол Монгол улсын нийт өрхийн амьжиргааны түвшинг бодитой үнэлэх, Засгийн газраас цаашид зорилтот бүлгийн өрх иргэндээ ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэх, нийгмийн хамгааллын ямар бодлого хэрэгжүүлэх үндсэн мэдээллийн бааз болох учиртай. Манай иргэд энэ судалгаанд бүрэн хамрагдах хэрэгтэй.
-Аймгийн хэмжээнд халамжийн үйлчилгээ, тэтгэмж авдаг хичнээн хүн байна вэ? Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад тэдэнд олгогддог мөнгө бас хасагдах уу?
-Манай аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн үйлчилгээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зорилтот бүлгийн 22452 иргэн хамрагдаж, 4.647.544,4 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгоод байна. Засгийн газрын 2016 оны 293 дугаар тогтоолоор сар бүр олгогддог халамжийн тэтгэвэр 126500 төгрөгөөс 140000, тэтгэмж 58000 төгрөгөөс 64000 болж нэмэгдсэн. Нийгмийн халамжийн сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт тусламжуудаас хасагдсан, танагдсан зүйл нэг ч байхгүй ээ, бүгд хэвийн сар сардаа олгогдож байгаа.
-Хүнсний талон олголтын талаар мэдээлэл өгнө үү?
-Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд аймгийн хэмжээнд 1428 өрхийн 7599 иргэн хамрагддагаас Хэрлэн суманд цахим хэлбэрээр 930 өрхийн 4667 гишүүн, бусад сумдад цаасан хэлбэрээр 498 өрхийн 2932 гишүүн хамрагдаж байна. Энэхүү санхүүгийн дэмжлэг нь цаашид үргэлжлэн хэвийн олгогдоно.
-Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газраас иргэдэд зориулсан ямар санхүүгийн тусламж дэмжлэг олгож байна вэ? Он дуусталх хугацаанд хэрхэн яаж хамрагдах боломжтой вэ?
-Одоогийн байдлаар аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас Нийгмийн халамжийн тухай хуульд заасан 5 төрлийн тэтгэвэр, 4 төрлийн тэтгэмж, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан 9 нэр төрлийн хөнгөлөлт, тусламж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасан 16 нэр төрлийн хөнгөлөлт, тусламжийг иргэдэд хүргэж байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэд, мөн эмнэлгийн байнгын асаргаанд байдаг ахмад настан болон ХБИргэн, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээсэн хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа болон ганц бие ахмад настан, ХБИргэнийг хамгаалж байгаа иргэнд олгодог.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан хөнгөлөлт тусламжийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасан хөнгөлөлт тусламжинд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 50 хувь ба түүнээс дээш хувиар алдсан болох нь эмнэлэг хөдөлмөр магадлах комиссоор тогтоолгосон иргэд хамрагдана.
Халамжийн үйлчилгээнд хамрагдахыг хүсэж байгаа иргэн, өрхийн нөхцөл байдал нь хууль, журамд нийцсэн л бол хэн ч байсан холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой.
-Та төсөв санхүү, ажил байдлын хувьд яг ямар байгууллага хүлээж авсан бэ? Цаашид ямар ажлуудыг санаачлан хийх төлөвлөгөөтэй байна?
-Хуучин 2 хэлтсийн үйл ажиллагаа нь хэвийн хэмжээнд явагдаж байсан, үйл ажиллагааны төсвийн хувьд өмнөх хоёр хэлтэс 7-9 сарын нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт 16,6 сая төгрөгийн өглөгтэй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр 25.0 сая төгрөгийн өртэй байна.
Цаашид орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай орлоготой болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн өрх иргэндээ оновчтой, хүртээмжтэй хүргэхийн тулд иргэдийнхээ оролцоотойгоор хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөгөө гарган ажиллана. Ер нь иргэдэд хөдөлмөр, халамжийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, мэдээ мэдээллээ ил тод, нээлттэй байлгаж ажиллах болно.
-Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын баримталж ажиллах гол бодлого юу байх вэ?
-Нийгмийн халамжийн хувьд, хууль журамд заагдсан зорилтот бүлгийн өрх, иргэнд үзүүлэх дэмжлэг туслалцаа, үйлчилгээгээ цаашид улам боловсронгуй болгохын зэрэгцээ нэр төрлийг оновчтой тогтоож, хүртээмжийг ч нэмэгдүүлнэ. Энэ чиглэлээр манай салбарын яамнаас тодорхой ажлууд хийхээр төлөвлөгдөж байна.
Аймгийн ХХҮГ-ын хувьд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг гол бодлогоо болгоно, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Ажилтай, орлоготой өрх” хөтөлбөр хэрэгжүүлэхээр туссан. Энэ хөтөлбөрийг төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй хамтран иргэдээ ажилтай орлоготой болгоход манай газар түүчээлэн ажиллах үүрэгтэй. Тэгээд ч манай ажлын гол үзүүлэлт хэдэн иргэнд халамжийн тэтгэвэр тэтгэмж олгосон гэхээсээ илүү хэдэн өрх, иргэнийг ажлын байртай, ажилтай орлоготой болгосон гэдгээр дүгнэгдэнэ гэж ойлгож байна, тийм байхыг ч ажилтан бүрээсээ шаардана.
Хэнтий аймаг Д.Одонтунгалаг