ЗАВХАН: Шашин төрийг хослуулсан зүтгэлтнүүдийн тухай эрдэм шинжилгээний хурал болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Хоёр хутагт-II" эрдэм шинжилгээний хурал энэ сарын 28-нд болно.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жилийн ой, Улиастайн сайд, Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Улиастайд болно.
Энэ үеэр “Хоёр их хутагт монголын түүх бичлэгт” илтгэлийг МУИС-ийн
Түүхийн тэнхимын багш доктор, дэд профессор Д.Баярсайхан тавина. “Жуулчдын
тэмдэглэлд үлдсэн хоёр хутагт” илтгэлийг ШУА-ийн Түүх угсаатны зүйн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Г.Бямбарагчаа, “Хоёр хутагтын
шавьд холбогдох архивын зарим шинэ баримт” илтгэлийг ШУА-ийн Түүх угсаатны зүйн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, дэд профессор Г.Мягмарсамбуу
нар тавих юм.
Түүх сөхвөл, ХХ зууны эхэнд Монгол орон Манжийн түрэмгийллээс гарахад Монголын ард түмний олон сод билэгт хөвгүүд амь хайрлалгүй зүтгэн оролцсоны нэг нь Халхын Жалханз хутагт Дамдинбазар юм. Тэрбээр Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд байв.
Дилова хутагт Жамсранжав нь 1916, 1919 онд өмнөд, баруун хязгаарыг товхинуулахад идэвхийлэн оролцож, Хатанбаатар Магсаржавын цэргийн ламаар томилогджээ. 1923 онд Улиастайн сайд болон дэвшин сууж байв. 1931 онд Өвөрмонголд гарч Дэ ван, Чан Кайши нартай ажиллаж байв.
Дилова хутагт Жамсранжав нь 1950-аад оны үед АНУ-д гарч Нью Жерси хотод Буддын шашны сүмийг шинээр байгуулсан.
Эдүгээ Нью-Жерсийн Буддын сүмд Дилова хутагт Жамсранжавын
шавь Жамбалдорж гуай энх тунх амьдарч байна. Дилова хутагт Жамсранжав 1965 онд
АНУ-д таалал төгсчээ.
Завхан аймаг Монгол
улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагтын 20 дугаар дүр Цэрэнсодномын
Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Номч мэргэн егүзэр, Цорж,
Самади багш, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7 дугаар дүр Баашлуугийн
Жамсранжавын түмэн өлзий гийсний 130 жилийн ойг тохиолдуулан 2014 онд тухайн
үеийн аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачилга, дэмжлэгээр хутагтуудын
гэрэлт дүр, хөшөө дурсгалыг Улиастайн төв хойморт босгосон юм.
XX зууны Монгол
төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч энэ хоёр эрхэм хүмүүнийг төр,
түүх, түмэн олон ой санамждаа үеийн үед үл мартан дурсаж, бахархан дуурсах
гэгээн үйлсийн үнэлэмж болгон өнө мөнхөд алдаршуулах учиртай гэдгийг тухайн үед
хөшөөний нээлтийн үеэр онцолж байв.