СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын даргаар Г.Бат-Орхоныг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 9 дэх
удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргыг сонгох
асуудлыг хэлэлцэв.
Аймгийн
ИТХ-ын даргад МАН-аас төлөөлөгч Г.Бат-Орхон, АН-аас төлөөлөгч Б.Мөнхболд нарын
нэрийг дэвшүүлсэн. Санал хураалтын дүнг тоолох тооллогын комисст даргаар
Н.Захирахбаатар, гишүүдээр Д.Золбаяр, Г.Дуулга нарыг төлөөлөгчдийн саналаар
томилон ажиллуулав.
Хуралдаанаар
аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч санал хураалтад 100 хувь оролцсоноос Г.Бат-Орхон 21
санал, Б.Мөнхболд 19 санал, хүчингүй 1 саналын хуудас тус тус тооллоо.
Ингээд Монгол
Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35
дугаар зүйлийн 35.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус
үндэслэн аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын
саналаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Г.Бат-Орхоныг сонголоо.
Ганчулууны
Бат-Орхон нь Сэлэнгэ аймгийн Орхон сумаас аймгийн ИТХ-д 2016-2020, 2020-2024, 2024-2028 онд гурав дахь удаа сонгогдон ажиллаж
байгаа юм.
Хурлын
ахмад төлөөлөгч, анхдугаар хуралдаан даргалагч Б.Отгонбаяр хурлын дарга
Г.Бат-Орхонд аймгийн ИТХ-ын тамгыг гардуулан өглөө.