ЗАВХАН: Энэ жил баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-23 16:22:25

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завханы хойд бүсийн сумдад хүрэн баавгай тодорхой давтамжтай суурьшиж байна.


Хүрэн баавгай нь байгаль цаг уурын өөрчлөлт гэхчлэн олон хүчин зүйлээс болж суурьшлын бүс рүү нэвтэрдэг. Энэ жил баавгай суурьшлын бүс рүү нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.


Өнгөрсөн жил тус аймгийн гурван сумын нутагт, малын бэлчээрт баавгай үзэгдэх болсон мэдээллийг иргэд өгсөн.


2021 онд тус аймгийн хойд бүсийн сумдаар хүрэн баавгай орж ирсэн нь тухайн бүс нутагт ичсэн байх боломжтой тул нутгийн иргэдийг зэрлэг амьтнаас хамгаалах зорилгоор манай байгууллагаас зөвлөмж өгдөг болсон.


Хүрэн баавгай нь байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 дүгээр сар, 5-6 дугаар сар буюу таван сар хүртэл ичдэг. Гэвч ичих үеэрээ суурьшлын бүсэд хэд хэдэн удаа үзэгдсэн гэсэн мэдээллийн дагуу баавгай, бусад махчин амьтнаас хэрхэн хамгаалах. Хээрийн нөхцөлд хүрэн баавгайтай таарсан үед авах арга хэмжээ болон баавгайн зан төлөвийн түвшин зэргийн танин мэдэхүйн зөвлөгөө мэдээллийг өгч байна.


Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОАЖГ-т хандах хэрэгтэй.


Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөдөг. Түүнчлэн баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх.


Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух. Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах. Автомашин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах. Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах. Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх.


Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх. Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байхыг зөвлөж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр хүрэн баавгай нь 12 сая 450 мянган төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.9 сая төгрөг төлөх заалттай юм гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

相关新闻