ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн ИТХ-ын даргаар Л.Насанбуянг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 21-нд боллоо.
Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар шинээр бүрэлдсэн ИТХ-д 29 төлөөлөгчөөс 28 нь анхдугаар хуралдаандаа оролцов.
Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад Л.Насанбуянг санал оруулж, санал хураалт явуулснаар төлөөлөгчдийн олонх нь буюу 64.2 хувь нь дэмжсэнээр Говь-Алтай аймгийн Цогт сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Насанбуянг аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.
Л.Насанбуян нь сэтгүүлч мэргэжилтэй, 2008-2012 онд Цогт сумын Рашаант багийн Засаг дарга, 2012-2016 онд Цогт сумын ИТХ-ын дарга, 2016-2020 онд Цогт сумын Засаг дарга, 2020-2021 онд аймгийн ХХААГ-ын дарга, 2021 оноос Цогт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм.