СЭЛЭНГЭ: Суффолк хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар дэлхийд гайхагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт зохион байгуулсан
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024”, Хүнс, хөнгөн
үйлдвэрийн үзэсгэлэн, “Шилмэл мал” үзэсгэлэн, “Үржлийн малын дуудлага худалдаа” төвийн бүсийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн тариаланчид, төмс хүнсний ногоо
эрхлэгчид, малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 50 гаруй нэр төрлийн
бүтээгдэхүүнээр оролцлоо.
Дээрх үйл
ажиллагааны “Шилмэл мал”-ын үзэсгэлэн худалдааны махны чиглэлийн хонины төрөлд
Ерөө сумын Н.Баттулгын өсгөн үржүүлж буй суффолк үүлдрийн эм хонь тэргүүн байрт
шалгарлаа.
“Монгол
женетик сервис” ХХК нь дэлхийн хэмжээний шилмэл хонины үүлдэр болох Английн
суффолк хонь үржүүлэн Монгол Улсын хонины аж ахуйд нийлүүлж, хонины аж ахуйн
бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна.
Н.Баттулга
2006 оноос “Монгол женетик сервис” ХХК байгуулан дэлхийн тэргүүлэх брэнд болох
махны үүлдрийн суффолк хонийг дагнан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үржүүлж байна.
-Суффолк
үүлдрийн хонь яагаад дэлхийн брэнд хэмээн нэрлэгдэх болтлоо алдаршсан тухай
мэдээлэл өгнө үү?
-Энэ хонины ашиг тус бусад хониноос илүү гэдэг нь 200 гаруй жил батлагдсан. Суффолк хонины давуу тал нь өсвөр насандаа мах их үйлдвэрлэдэг. Өсөлт бойжилт нь түргэн явагддаг. Өсвөр насандаа эрчимтэй торнидог гээд олон талын давуу талтай.
Нэгдүгээрт,
бага залуу хонины мах уургаар баялаг. Хоёрдугаарт, зөөлөн. Гуравдугаарт,
суффолк хонины мах хүний биед ашигтай элемент ихээр агуулдаг. Шүд цооролтын
эсрэг фторын агууламж өндөр. Чихрийн шижин өвчнийг бууруулж, нойр булчирхайг
дэмждэг бодисууд энэ хонины маханд их хэмжээтэй байдаг.
-Энэ суффолк
хонины амьдын жин хэд байдаг вэ?
-Дэлхий нийтийн практикт нас гүйцсэн суффолк хуцны амьдын жин 110-160 кг хүрнэ. Эм хонь 81-110 кг. Энэ нь дундаж стандарт хэмжээнүүд юм шүү. Үүнээс давсан үзүүлэлтүүд ч бий. Зургаан сартай хурга нь 60 кг жинтэй байдаг. Гэтэл монгол нас гүйцсэн эр хонины намрын жин 60 кг шүү дээ.
-Суффолк
хонь хэр хурдан өсдөг вэ?
-Суффолк хонины хургалалт хоорондын зай нь 360-365 хоног байдаг. Төлөрхөг чанар нь 140-190 хувь. 200 гаруй хувьтай үзүүлэлтүүд ч их тохиолддог. Тэгэхээр ихэрлэлтийн хувь өндөр гэсэн үг. Нэг хониноос хоёр ихэр хурга гаргаад, зургаан сарын дараа 60 кг жинтэй болно гэж үзвэл 120 кг амьдын жинтэй хоньтой болно. Түүний 50 хувь нь махны гарц байна гэж үзвэл 60 кг махыг нэг хониноос жилдээ үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ дээд зэргийн сайн чанартай мах байх болно.
-Суффолк
хонийг Монголд оруулж ирсэн тухайгаа сонирхуулахгүй юу?
-Би
амьдралынхаа 20 жилийг суффолк хонинд зориулжээ. Анх 1999 онд Монголд АНУ-ын
хонь үржүүлэгчдийн холбоо, Монголын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний
хүрээлэнгүүд хамтран “Махны хонь" төсөл хэрэгжүүлсэн юм. АНУ-аас хөлдөөсөн үр
хөврөл оруулж ирээд монгол хонинд шилжүүлэн суулгаад анхны төлөө 2000 онд
авсан.
Үүнийг
Монгол талаас хариуцаж байсан биотехнологийн ганц мэргэжилтэн нь миний төрсөн
ах Н.Алтанхуяг гэж Монгол Улсын төрийн шагналт, доктор, профессор хүн байсан.
Энэ төслийн багт би ажиллаж байхдаа суффолк хонины гайхамшгийг олж харсан
хэрэг.
Бид
чинь монгол хонь сайн гээд л магтаад байдаг. Сайн боловч суффолкийн хурганы
хэмжээнд хүрэхгүй байна. 28 кг гулууз авахын тулд бүтэн зургаан жилийн ган зуд,
байгалийн бэрхшээл, бэлчээрээр явуулах хэрэг гардаг. Тэгээд махаа идэх гэхээр
орчин цагийнхан өөхтэй гээд голно. Өөхийг нь ялгаад идэх гэхээр булчин
суучихсан хатуу мах. Монгол Улс ийм бүтээгдэхүүнтэй л явж ирсэн байна. Тэгэхээр
монгол малын ашиг шимийг богино хугацаанд нэмэгдүүлэх гарц нь дэлхийн брэнд
болсон суффолк хонь гэдгийг ойлгосон юм.
1999
оноос эхлээд суффолк хонийг Монголд нутагшуулах чиглэлээр ажиллаж ирсэн
болохоор хийж байгаа ажилдаа улам дурлаж, илүү хялбар аргаар Монголд түгээх
аргыг сүвэгчилсэн хэрэг. Ингэж үржлийн мал өсгөх болсон. Тус хонь нь байгаль
орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг
бууруулахад ихээхэн ач тустай юм.
Түүнчлэн
суффолк хонь нь жигд, нарийвтар ноостойгоос гадна түүний ноосоор үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар дэлхийд гайхагддаг.