Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог үйлчилгээ үзүүлэх субьект гэж ойлгож болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-17 22:55:36

Хууль зүй, дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнтэй хамтраад “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны тухай асуудлаар Сэлэнгэ аймагт сургалт зохион байгуулж байна. Тус сургалтыг зохион байгуулагчдын нэг Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П.Цэвээнтэй уулзаж ярилцлаа.

-Өнөөдрийн сургалтын гол зорилгыг та тодорхойлохгүй юу?

-Хүүхэд хамгааллын хууль шинээр батлагдаж, мөн хүүхдийн эрхийн хууль шинэчлэн найруулагдсан байгаа. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо аймаг, дүүрэг бүрт байгуулагдаж, 15-20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах гэж байна. Энэ хоёр хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулаад 20 дүрэм, журам гарах юм. Түүний нэг нь энэ Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгаа. Энэ хууль зүйн хороог аймгийн Засаг дарга, Иргэдийн хуралтайгаа зөвшилцсөний үндсэн дээр байгуулах ёстой. Энэ бүрэлдэхүүнд шүүх, прокурор, өмгөөлөгч, боловсрол, эрүүл мэндийн ажилтан гээд хүүхэдтэй хамаатай олон хүмүүс хамрагдан ажиллана. Гэхдээ энэ хорооны гол бүрэлдэхүүн нь хүүхэд болгоны асуудал дээр ярихгүй. Энэ хороо сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч зэрэг ямар нэгэн байдлаар ял авсан хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд ажиллах хороо. Энэ хорооны журмыг ХЗДХ-ийн болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар батлах юм. Аймаг, хороонд бол энэ хорооны үйл ажиллагаа энэ журмын дагуу явагдана. Тийм учраас энэ хорооны гишүүдийг чадавхжуулах, ойлголт хандлагыг нэг болгох нь чухал учраас энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Энэ маань олон улсын гэрээ конвенцын үзэл санаа, зүйл заалт, зарчим, хүний эрх, эрх чөлөөн дээр суурилсан ийм үйл ажиллагаа л даа. Гэхдээ ялтан, сэжигтэн, хохирогч зэрэг ямар нэгэн хэрэг хийсэн хүнийг өмгөөлөх гэж байгаа асуудал гэж бодож болохгүй. Бас хуулийн шатанд нь ямар нэгэн шүүх, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, дотоод ажилд нь оролцох гэж байгаа хэрэг огт биш. Зүгээр хүүхэд гэдэг бол онцгой эрхтэй, онцгой хэрэгцээ шаарддаг, олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын хууль, журмаар хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг. Тиймээс 0-18 насны хүүхдийн эдлэх ёстой эрхтэй холбогдуулж, тэр эрхийг эдлүүлэхийн тулд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын процесст, шүүхийн шат дуустал бид нар яаж хамгаалах вэ, яаж туслалцаа дэмжлэг үзүүлэх вэ гэдэг дээр анхаарч байгаа юм.

-Орон нутагт нөхцөл байдал ямар байдаг юм бол...?

-Сая би хорооны гишүүдээс орон нутгийн нөхцөл байдал ямар байгаа, үүнд хууль зүйн хороо хэрхэн ажиллаж ирсэн гэдгийг сонслоо. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 15 хэрэгт 16 хүүхэд холбогдсон байна. Манай хууль зүйн хороо энэнд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлээд явж байгаа юм байна. Ерөнхийдөө насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгаа. Тийм учраас энэ хууль зүйн хороо бол тэдэнд үйлчилгээ үзүүлэх нэг субьект гэж ойлгож болно.

-Тэгэхээр ард иргэд тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийнхэнд ийм хороо байдаг гэдгийг сайн мэдүүлэх хэрэгтэй юм байна шүү дээ?

-Тийм ээ. Иргэд тодорхой хэмжээний мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ хороо маань хэргийн процесст нөлөө үзүүлэхийн тулд байгуулагдаж байгаа юм биш. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэлийн үедээ яаж энэ хүүхэдтэй ээлтэй харьцах вэ, айлгах, сүрдүүлэх биш, яагаад чамайг баривчлах болов, яагаад сэжигтнээр татах болсон бэ?. Чамайг ийм юманд сэжиглэж байгаа. Энэ хуулийн тэдийн тэд заалтаар чамайг баривчилж байна, гэхдээ чи одоо байцаалт өгөхгүй байж болно. Чи ийм эрхтэй. Чи өмгөөлөгчтэй, аав ээжтэйгээ байж байгаад байцаалт өгөх ёстой шүү гэх мэтээр өөрийнх нь эдлэх ёстой эрхийг нь ээлтэйгээр ойлгуулж хэлэх ёстой. Тэгэхгүй бол яг эндээс авахуулаад хүүхдийн эрх зөрчигддөг гэдэг нь харагдаж байгаа юм. Ийм учраас бид нар ийм хэмжээнд үйлчилгээ үзүүлэх түвшинд авчраад байна. Урьд нь энэ ажил хийгдэж байсан. Гэхдээ бүх хүүхдэд хүрч ажиллаж байсан нь юу л бол. Иймээс гэмт хэрэгт холбогдож байгаа бүх хүүхдүүдэд энэ үйл ажиллагаагаа хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

相关新闻