ЗАВХАН: Өвөл, хаврын бэлтгэлийг эртнээс бэлдэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-21 13:02:01

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 17 сумын нутгаар цасан бүрхүүл тогтжээ. Өнөөдөр ихэнх нутгаар 4 мм хүртэл, шөнөдөө төв, хангайн уулсаар 1 мм хүртэл цас орно.


10 дугаар сарын 21-ний байдлаар Цагаанчулуут суманд 19 см, Түдэвтэй 13 см, Отгон, Сонгино, Эрдэнэхайрхан сумд 7 см, Улиастай, Идэр суманд 5 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.


2024 оны 10 дугаар сарын 22-26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн хойд, төв, хангайн уулсаар хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 22-ноос нийт нутгаар бага зэрэг дулаарна. 12,1 дүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Мөн огцом дулаарах, эргээд огцом хүйтрэх байгалийн үзэгдэл энэ өвөл олон жилийн дунджаас их ажиглагдаж байна. Цас их орсон бүс нутагт төмөр зуд нүүрлэж болзошгүйг анхааруулж байна.


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны хэлтсээс ирэх 11 дүгээр сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэлх урьдчилсан төлөвийг тооцоолон гаргадаг. 11 дүгээр сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгаа тул өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг зөвлөж байна.


2025 оны нэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтөй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, Завхан аймгийн нийт нутгийн 60 хувь нь бэлчээрийн нөөцтэй буюу хүрэлцээтэй, 40 хувь нь бэлчээрийн даац хэтэрч гарсан байна.


Бэлчээрийн даац нь нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан.


Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсэж, мал бэлчээрлэх боломжгүй болдог.


Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог цөөлөх зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байгааг Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

相关新闻