"Өвөрхангайд үйлдвэрлэв" төв сард дунджаар 15-50 сая төгрөгийн бараа борлуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны
аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийн
харилцагч, үйлчлүүлэгч, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдсээр байна.
Өнөөдрийн байдлаар 170 аж ахуйн нэгж, хувь иргэний үйлдвэрлэсэн 20 төрлийн 700
гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.
Энэ жилийн байдлаар сард дунджаар 15-18 сая, зуны улиралд 40-50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулжээ.
“Үйлчлүүлэгч, худалдан авагчдын 80 хувь нь гадаадын жуулчид болон бусад аймаг, хотоос ирсэн хүмүүс байдаг. Ихэвчлэн нутгийн брэнд болох хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, бэлэг дурсгалын зүйл илүү борлуулалттай байна” хэмээн ХАҮТ-ын менежер Д.Мягмарсүрэн ярилаа.
“Харилцагчдад зөвлөхөд бараа бүтээгдэхүүн нь хэт өндөр биш үнэтэй, хайрцаг сав баглаатай, “Өвөрхангай” гэх лого, шошготой байх, мөн тасралтгүй тогтмол нийлүүлэх нь чухал. Гар урлал, бэлэг дурсгалын нэг төрлийн бүтээгдэхүүнээс 20-30 ширхгээр авъя гэхэд тоонд хүрэхгүй байх тохиолдол их байна. Үйлчлүүлэгчид хүнсний чиглэлийн бүтээгдэхүүнийг илүү сонирхдог ч манай аймаг энэ чиглэлээр цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй учраас хүртээмжтэй биш байдаг” гэсэн юм.
Тус төвөөс иргэн, аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг зуучилж, худалдан борлуулсны төлбөрт 15 хувийг суутган авдаг байна.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, Өвөрхангайн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн 210 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр тус төвийг байгуулжээ.



















