ЗАВХАН: 15 мянга гаруй хүүхдийг стрептококкийн халдвараас сэргийлэх үзлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо
Завхан аймагт эхэллээ.
Үзлэгт ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 15 мянга гаруй хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөөд байна. Халдвар илэрсэн сурагчдад эмийн эмчилгээ хийж, бүрэн эмчилснээр ирээдүйд үүсэх хүндрэлээс сэргийлэх юм.
Эцэг, эхчүүдээр
зөвшөөрлийн хуудас бөглүүлж, зөвшөөрсөн тохиолдолд уг шинжилгээг хийх юм. Хүүхдийн А стрептококкийн халдварыг эрт
илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох хэрэхийн шалтгаант зүрхний
өвчлөл, зүрхний олдмол гажгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой
юм.
Улсын хэмжээнд бүх сурагчийг стрептококкийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж байна.
Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шинжилгээнд хамруулж байгаа юм.
Стрептококк нь А бүлгийн бета-цус
задлагч, хоолой залгиурын
цочмог үрэвсэл үүсгэдэг түгээмэл нянгийн нэг юм.
А бүлгийн
бетта-цус задлагч стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвслийг
түргэвчилсэн оношлуур ашиглан эрт оношилдог. Стрептококкийн
халдварыг эрт оношилж, төгс эмчилснээр хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний
олдмол гажгаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг хэмээн Завхан аймгийн
ЭМГ-аас мэдээлэв.