Ажлын байрны баталгааг хангах, цалин, орлогыг хамгаалах асуудлаар хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ҮЭХ-ны дарга М.Батцоож, “Ажил олгогч эздийн холбоо” ТББ-ын тэргүүн н.Цэдэнсодном нар “Орон нутгийн нийгмийн түншлэл”-ийг бэхжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Эдийн засгийн хямралтай энэ үед ажлын байрны баталгааг хангах, цалин, орлогыг хамгаалах, ажилгүйдлийг багасгахын тулд гурван тал хамтарч шийдэх гарцыг эрэлхийлэх нь “Санамж бичиг”-ийн гол зорилго оршиж байгаа юм. Энэ үйл ажиллагааг дэмжиж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Орхон аймагт ирсэн бөгөөд 14 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж “Орон нутгийн нийгмийн түншлэл”-ийг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсаныг танилцууллаа. Үүний хүрээнд нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх анхны гэрээ Орхон аймгаас эхэлж байгаа юм.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төр, хувийн хэвшил, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтарч асуудлыг гэрээ хэлэлцээрийн хүрээнд олон талаас нь шийдэх нь оновчтой гарц юм. Иймд “Орон нутгийн нийгмийн түншлэл”-ийн “Санамж бичиг “нь 2017-2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн суурь болж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ