Кёкүтэнхо Н.Цэвэгням өөрийн дэвжээгээ нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-07 12:22:56

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Кёкүтэнхо Н.Цэвэгням хэмээх шинэ дэвжээгээ Оошима ояката Токио хотын Кацүшика дүүргийн Аотод нээжээ.


Шинэ байрны шинэ дохён дээр “Оошима” дэвжээний есөн бөх анхны бэлтгэлээ хийсэн байна. Ингэснээр Кёкүтэнхо шинэ байрандаа орж, өрх тусгаарлалаа. Гурван давхар барилгад цолтой бөхчүүдийн өрөө, залуу бөхчүүдийн нийтийн том өрөө, бэлтгэлийн өрөө гэх мэт бүх зүйл багтсан байна.


Тэрбээр нээлтийн ёслолын үеэр ярихдаа, “Одоо л нэг дэвжээ эзэмшсэн ояката жинхэнэ утгаараа боллоо. Баяртай байна. Эхнэр, гурван хүүхэд маань ч энэ байранд амьдарна. Гол анхаарах зүйл нь шинэ, залуу бөхчүүд байлаа. Тэдний өрөөг гэрийнхээ өрөөний хажууханд байрлуулсан. Аав, ээжээс нь хүүхдийг нь сумоч болгоно гээд авсных сайн харж хандахгүй бол болохгүй. Насанд хүрээгүй хүүхэд ч бий. Дэвжээ гэдэг бол нэг гэр бүл” гэжээ.


“Оошима” дэвжээнд одоогоор цолтой бөх байхгүй. Дээд зиндаанд барилдаж, тусгай шагнал авч байсан Кёкүтайсэй, Монголын Ш.Далайбаатар Кёкүкайюү гэсэн хоёр макүшита бөхтэй. Шинэ байранд цолтой бөхийн гурван өрөө бэлтгэсэн байгаа тул Оошима ояката “Шавиа цолонд хурдхан хүргэмээр байна. Залуу бөхчүүдийг дэвжээндээ урьж байхад өөр дэвжээний байранд түрээсээр байсан бол одоо өөрийн гэсэн байртай болсон тул “Оошима” дэвжээгээ сурталчлаад хичээнэ” хэмээн ярьсан байна.   




相关新闻