ЗАВХАН: Зорчигчдод зориулсан авто зогсоолтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул суманд олон улсын жишигт
нийцсэн авто зогсоолтой болно.
Их-Уул сум нь 6500 гаруй хүн амтай, баруун аймгийг чиглэсэн авто замын гол зангилаан дээр оршдог. Тиймээс Зам тээврийн яамнаас зорчигчдод зориулсан иж бүрэн томоохон авто зогсоолыг улсын төсвийн 328 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар өнгөрсөн 6-р сараас барилгын ажлыг эхлүүлжээ.
2300 м2 цемент хучилттай 18-20 см зузаантай, явган хүний зам бүхий авто зогсоолын барилгын ажлыг "Завхан АЗЗА" ТӨХК хийж байна. Өнөөдрийн байдлаар авто зогсоолын барилгын ажил 80 гаруй хувьтай байна.
Авто зогсоол нь улсын чанартай авто замаар зорчиж буй том оврын автобус, автомашины түр амрах зогсоол, ариун цэврийн байгууламжтай төдийгүй сумын иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүн, байгалийн дагалдах баялаг жимс, самар, цагаан идээгээ худалдан борлуулах саравч бүхий талбайтай байх юм. Мөн сумын баяр наадмын талбай цэнгэлдэх хүрээлэнтэй зэрэгцэн байрлаж байгаагаараа онцлогтой юм.
2025 оны улсын төсөвт дахин 2300 м.кв талбай суулгуулахаар хүсэлтээ өгөөд байна. Энэхүү авто зогсоолыг барьснаар зорчигч тээвэрчид ая тухтай хоноглох, халуун усанд орох. Орон нутгийн иргэд худалдаа үйлчилгээ эрхлэх, нутгийн брэнд болсон монгол гутал, сарлагийн өрөм, сүү цагаан идээ, самар, жимсээ борлуулах боломж бүрдэж олон ажлын байр бий болно.
Мөн сумынхан зогсоолын дэргэдэх Цэнгэлдэх хүрээлэнгээ амралт чөлөөт цаг, урлаг спортын чиглэлээр байнгын ашиглалттай болгох таатай боломж бий болох юм гэж Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Авто зогсоолын барилгын ажлын эхлэл 2024 оны 6-р сар
Авто зогсоолын зураг