СЭЛЭНГЭ: Сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ жил Монгол Улсад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Сувилахуйн сургууль үүсэж хөгжсөн
түүхт 95 жилийн ой тохиож байна.
Энэхүү үйл
ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас АШУҮИС-ийн Сувилахуйн
сургуультай хамтран сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршуулах уулзалтыг аймагтаа
зохион байгууллаа.
Уулзалтаар “Сувилахуйн удирдлага манлайлал, тусламж үйлчилгээний чанар сайжруулах
нь” сэдвээр сувилахуйн ололт амжилтаа дүгнэж, сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлсэн
байна.
“Багш
шавийн эрдмийн уулзалт”-д АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэнд Сувилахуйн тэнхимийн
ахлах багш, Эрүүл мэндийн яамны сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга,
Сувилахуйн ухааны доктор, дэд профессор Г.Хулан, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэнд
сувилахуйн тэнхимийн ахлах багш, сувилахуйн ухааны доктор П.Одонжил, АШУҮИС-ийн
Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, зөвлөх
зэрэгтэй Р.Оргилмаа, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн
тэнхимийн ахлах багш, магистр зэрэгтэй Д.Нямаа нар хүрэлцэн ирж оролцсон байна.
Мөн аймгийн
Эрүүл мэндийн газрын НЭМТ, ЭТҮХ-ийн эмч мэргэжилтнүүд мөн аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Сувилахуйн алба, сумдын Эрүүл мэндийн төвийн сувилагч, тусгай
мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцжээ.
Өнөөдөр
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 369 сувилагч, тусгай мэргэжилтнүүд эмнэлгийн
тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн үйлчилж байна. Үүнээс эх баригч 53, бага
эмч 74, эм найруулагч 84, лаборант 39, туслах сувилагч 31, бакалавр сувилагч 142,
мэргэшсэн сувилагч 191, тэргүүлэх зэрэгтэй 20, ахлах зэрэгтэй 65 сувилагч
ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ.