Ахмад багш нараасаа суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захиргаанаас ахмад багш нарынхаа мэдлэг боловсрол, дадлага туршлагыг залуу багш нартаа өвлүүлэх, ахмад багш нараасаа суралцах, тэдний багшлах арга зүй, мэдлэгийг ашиглах ажлыг ээлж дараатай зохион байгуулж байна.
Энэ удаа тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш Б.Бадарчийг урьж бага, дунд ангийн багш нартаа долоо хоног бүрийн гурав дахь өдөр хичээл заалгаж байгаа аж.
Ахмад багш нараасаа суралцаж мэдлэг, дадлага олж авах хичээл есдүгээр сарын 01-нээс эхэлсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилийг дуустал үргэлжилнэ.
Б.Бадарч багшийн ажлын онцлог нь математикийн шинжлэх ухаан болон заах аргын өндөр мэдлэгтэй, шавь нарынхаа сурлагын төлөө байнга санаа тавьж ажилладаг байна.
Дашрамд дурдахад түүний шавь нараас аймгийн математикийн аварга 25 жил дараалан төрсөн бол шавь М.Түвшин-Эрдэнэ Монголын математикийн олимпиадын хүрэл медаль, шавь Б.Энхтуяа, Б.Эрдэнэбаяр, Б.Эрдэнэбилэг нар шагналт байрт, шавь н. Наранчимэг хүрэл медаль хүртэж байжээ.
Х.Эрдэнэбулган