СЭЛЭНГЭ: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 10 хүүхэд тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-03 10:28:53

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2024 оны “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас 10 хүүхэд шалгарсан байна.

 

Тодруулбал, тус аймгийн Мандал сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч У.Сумъабазар, Баянгол сумын ЕБС-ийн Т.Мөнгөнгадас, Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн сурагч Б.Эрдэнэбаяр, Жавхлант сумын ЕБС-ийн сурагч Д.Сүлдбаяр, Зүүнбүрэн сумын ЕБС-ийн сурагч М.Удвал, Сайхан сумын ЕБС-ийн сурагч Э.Номин, Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулийн сурагч Б.Онон, Хушаат сумын ЕБС-ийн сурагч А.Есүй, Хүдэр сумын ЕБС-ийн сурагч Г.Анука, Цагааннуур сумын ЕБС-ийн сурагч Б.Баярцэцэг нар шалгарсан байна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт 338 хүүхэд шалгарчээ. Эдгээр хүүхдүүдийг Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулан авсан байна.

 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах боломжийг олгодог байна.  

 

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан журмын шалгуурыг хүний оролцоогүйгээр шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргадаг байна.

 

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 1/1289 тоот албан бичгийг үндэслэн нийт 338 хүүхдийн нэрийг ийн зарлажээ.

 

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2024 онд өөрчлөлт орсон байна. Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх юм. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт суралцан бэлтгэгдэх юм.

 

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгөх юм.

相关新闻