БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур, Цэнгэл, Дэлүүн сумыг бүсийн нийгэм, эдийн засгийн үйлчилгээний төв болгох нь зүйтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан хамтран Баян-Өлгий аймгийн Хөгжлийн чиг баримжааны атласыг боловсруулсан байна.
Уг баримт бичигт
тус аймгийн "Ногооннуур, Цэнгэл, Дэлүүн сумын төвийг аймгийн хойд,
баруун, өмнөд хэсэгт
үйлчлэх нийгмийн болон эдийн
засгийн үйлчилгээний төв байх нь
зүйтэй. Эдгээр сумдад дэд бүтэц, үйлчилгээний
хөрөнгө оруулалтыг нэн
түрүүнд хийх шаардлагатай байна" гэж онцолжээ. Мөн дээрх гурван сумын
төвийг бүсийн нийгэм, эдийн засгийн үйлчилгээний төв болгох үндэслэлийг дараах
байдлаар тайлбарласан байна. Үүнд:
1.Цэнгэл сум.
Тус сум нь хүн амын
тоогоор аймагтаа хоёрдугаарт ордог. Сумын төвд мал аж ахуй, мал төхөөрөх чиглэлийн хоршооллууд үйл
ажиллагаа явуулдаг. Голдуу хөдөөгийн хүн
ам зонхилох бөгөөд
Алтайн нурууны уулсын хөндийн алслагдсан газар нутагт амьдардаг. Цэнгэл
сум эдгээр хүмүүст бүгдэд нь үйлчилгээ үзүүлэх төв байхын зэрэгцээ мал аж
ахуйн салбарын урьдчилан
боловсруулах үйл ажиллагаа болон
аялал жуулчлалыг (байршуулах хэрэгсэл, хоол, тээвэр, нутаг орныг танилцуулах
гэх мэт) хөгжүүлэх нь зүйтэй. Цэнгэл сум Алтайн уул нурууд бүхий аймгийн баруун
хэсгийг бүхэлд нь хамарсан үйлчилгээ
үзүүлнэ. Үүнд Цэнгэл (9,468) Улаанхус (8,602) сумын нийт 18
мянган хүн хамрагдана.
2.Ногооннуур сум.
Ногооннуур суманд
мал аж ахуй, үр тарианы салбарын урьдчилан боловсруулах үйл ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Сумын
төвд нийгмийн дэд бүтэц,
үйлчилгээг (эрүүл мэнд, боловсрол, орон
сууц, ариутгах татуурга,
ус хангамж, хог хаягдал
г.м.) хөгжүүлэх хэрэгтэй байна. Тус сумын
хүн амыг нийтэд
нь, Увс аймгийн хөрш
зэргэлдээ сумдын хүн
амыг хамруулаад нийт үйлчлэх хүний тоо 13 мянга болох ба Цагааннуур чөлөөт бүсийн орчимд өөр
нэгэн төвийг хөгжүүлж байгаа нь эдийн засгийн нөлөөг бууруулж байна. Ногооннуур сумын
хөгжлийг төлөвлөхдөө Цагааннуур төвийн хөгжил, аймгийн хэмжээний
бодлоготой уялдуулах хэрэгтэй.
3.Дэлүүн сум.
Дэлүүн сум малын худалдаа эрхэлдэг. Тэр дундаа онцгой үүлдрийн ямаа борлуулдаг худалдааны төв болсон. Сүү
боловсруулах бага хэмжээний
үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот руу нийлүүлдэг. Дэлүүн сум нь Азийн хөгжлийн банкны «Аймаг, сумын төвийн бүс нутгийн хөгжлийн
хөрөнгө оруулалтын хөтөлбөр»-ийн дэмжлэгтэй ба боловсрол, эрүүл мэндийн
салбарт сум дундын үйлчилгээ үзүүлэх, хүрээлэн буй орчныг шинэчлэн сайжруулах, мал
аж ахуйн урьдчилан боловсруулах үйл ажиллагаанд
дэмжлэг үзүүлэх замаар үүрэг функцийг бэхжүүлэх шаардлагатай. Аймгийн өмнөд
нутгийн (Дэлүүн, Булган
сум) 11 мянга орчим хүн
амыг хамарсан үйлчилгээ үзүүлнэ хэмээжээ.
Түүнчлэн хөгжлийн
чиг баримжааны атласт мал аж ахуй, бэлчээрийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхийн тулд Алтанцөгц, Баяннуур, Сагсай,
Буянт сумдад малын
тэжээлийн ургамлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аймгийн
төв, сум дундын төвүүд
болон хөрш зэргэлдээ
Увс аймагтай холбох замуудыг сайжруулах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.
Аялал жуулчлалын
салбарын тухайд, Баян-Өлгий аймагт казахын ард түмний соёл, үндэстний өвөрмөц гар урлал (хивс, хатгамал),
дуу хөгжим, уламжлалт хоол, эвент
арга хэмжээнүүд болон Алтайн
нурууны байгалийн үзэсгэлэнтэй
уялдуулан эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх
боломжтой талаар дурдсан байна.