ӨМНӨГОВЬ: Мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цех барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-25 12:15:32

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Байгаль орчинд ээлтэй мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цех барихаар есдүгээр сарын 24-нд шав тавилаа.

 

Бичил уурхай эрхлэгчдийг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байраар хангах, өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 800 сая төгрөгөөр тус үйлдвэрийг барих юм.  

 

Монгол Улсын Засгийн газрын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 296 дугаар журмыг баримтлан үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

 

Энэхүү цехийг байгуулснаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг 500 орчим бичил уурхай эрхлэгч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байраар хангагдаж, тэдний өрх гэрийн амьжиргаа дээшлэх боломж бүрдэнэ.

 

Цехийг Даланзадгад сумын үйлдвэрлэлийн бүсэд байгуулах бөгөөд шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон Өмнөговь аймгийн удирдлагууд оролцож бичил уурхай эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж санал бодлоо хуваалцлаа.  

相关新闻