ГОВЬ-АЛТАЙ: “Хүмүүн бичиг” сониныг бүх сумын төрийн албан хаагчид захиална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний монгол бичгээр тогтмол гардаг, 32 жилийн түүхтэй “Хүмүүн бичиг” сониныг Говь-Алтай аймгийн бүх сумын төрийн байгууллагын албан хаагчид захиална.
МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, судлаач-багш, сэтгүүлч, МУСГЗ Б.Элбэгзаяа энэ сарын 21-25-ны өдрүүдэд Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн төв болон зарим суманд томилолтоор ажиллалаа. Тэрбээр монгол бичгийн орчин бүрдүүлж буй ажлын явц, сургалт, үндэсний бичгээрх хаягжилтын байдлыг судлан, “Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа-2024”-ны дүн, “Хүмүүн бичиг” сонины нийтлэлийн бодлого, захиалгын талаар мэдээлэл өгчээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг даргын орлогч Ш.Насан нар аймгийн ЗДТГ-т түүний хүсэлтийн дагуу хүлээн авч уулзсан юм.
“Хүмүүн бичиг” сонины ахлах редактор Б.Элбэгзаяа энэ үеэр 2021, 2024 онд явуулсан “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тогтоох” хоёр удаагийн судалгаагаар Говь-Алтай аймаг улсын хэмжээнд тус бүр тэргүүлэн “Үндэсний бичгээр албан хэргээ хослуулан хөтлөхөд бэлэн” гэсэн эерэг үзүүлэлттэй гарсныг онцолж, баяр хүргэж байв. Тэрбээр 2013, 2022 онд тус аймагт ажиллах үеэрээ үндэсний бичгээр тод томруун хаяг бүтээж байрлуулсан “Алтай” чуулга, аймгийн ЗДТГ, Татварын газар, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг төрийн албан байгууллагыг судалж, баримтжуулснаа Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албанд хүлээлгэн өгснөө дурдсан юм.
Харин энэ удаа Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир суманд ажиллах үеэрээ төрийн албан байгууллагуудын үндэсний бичгийн хаягжилтын талаар баримт мэдээлэл бүрдүүлсэн байна.
Аймгийн Засаг дарга Г.Чинбат болон ИТХ-ын дарга Д.Даваадорж нар тус аймаг цаашид үндэсний бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх талаар өнөөгийн хүрсэн амжилт, хийсэн ажлуудаа улам бататган үргэлжлүүлэх, үндэсний монгол бичгээр тогтмол гардаг, 32 жилийн түүхтэй “Хүмүүн бичиг” сониныг аймгийн бүх сумын төрийн байгууллага, ажилтнуудад жигд захиалуулах, үндэсний бичгийн сургалт шаардлагатай байгаа албан байгууллага, төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалтыг үе шаттай зохион байгуулах хэлбэрээр төр засгийн хууль, Үндэсний хөтөлбөрийг бодитой хэрэгжүүлэх, МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонтой хамтран ажиллаж дэмжихээ илэрхийлж байлаа.
Хамгийн сүүлд буюу энэ оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа”-гаар Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид 59,1 хувьтайгаар “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулахад бэлэн” байгаагаа илэрхийлсэн нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж, Өмнөговь /56,2/, Хөвсгөл /50,5/, Хэнтий /50,5/, Өвөрхангай /50,3/, Завхан /50,3/ аймгууд эхний зургаад багтжээ.