БАЯНХОНГОР: Үндэсний бичгээр бичсэн үзмэрүүдээс
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аливаа улс үндэстний хувьд эх хэл түүнийг тэмдэглэж ирсэн бичиг нь тухайн үндэстэн оршин байх үндэс, тусгаар тогтнолын баталгаа болдог. Соёлын салбар 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарлан монгол бичиг, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах ажил өрнөж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музейгээс үндэсний бичгээр бичсэн үзмэрүүдээс толилууллаа.
Өртөө харуулын зураг
Урт нь 130 см, өргөн нь 68 см хэмжээтэй муутуу цаасан дээр хар өнгийн бэхээр уйгаржин монголоор бичсэн Өртөө харуулын зураг аймгийн музейд хадгалагдаж байна. Манжийн үеийн өртөө харуулын тус зураг XVII-XIX зууны үед хамаарна.
Зургийг тухайн үеийн музейн дарга байсан Л.Юндэнбат хайгуулаар Баянговь сумын малчин н.Лхамжаваас 350 төгрөгөөр үнэлэн авч байжээ. Энэхүү зураг нь 103 өртөө, 170 дамжлага багтсан Монголын ард түмнээс Манжийн төрд алба хааж байсан томоохон алба гувчуурын план зураг бөгөөд хуулбар зургийг 1975 онд хийж үзмэрт тавьсан байна.
Цэрэг харуулын алба бол Манжийн төрөөс эрхшээлт орны ард олонд тулган хүлээлгэсэн нүсэр хүнд дарамт байв.
“Их сангийн тийз” буюу Нэг шар цай

1267-1918 оны хооронд “Их сангийн тийз” буюу Нэг шар цай хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд хэрэглэж байжээ. "Их сангийн тийз"-ийг Чин сүжигт номун ханы шавь дотор 1917, 1918 оны үеэр мөнгөн тэмдэгтийг тав дахь удаагаа хэвлэж, орон нутаг дотроо чөлөөтэй хэрэглэж байсан тухай мэдээ бий.
Тийзийн гол хэсэгт төв дөрвөлжин эвхмэл үсэгтэй дөрвөлжин тамгаар /улаан/ тамгалсан, цаасны голоор хуучин монгол бичгээр хар бэхтэй бийрээр “Их сангийн тийз” баруун талд нь Нэг шар цай, Арван шар цай гэж тийзний ханшийг тоочин бичдэг байж. Шар цай гэдэг нь зузаан цайг 60 хуваасны нэгийг хэлдэг байв.
Гүр дууны Ян-Иг

Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвөдөөс дамжин ирж, монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл юм. Гүр дууны нот буюу "Ян-Иг"-ийг Чин сүзэгт Номун ханы 1, 2, 3 дугаар дүрүүд зохиосон байна.
Одоогоор гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байгаа бөгөөд Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч тайлбарласан байдаг байна. Гүр дууны шүлгийн агуулга дахь орчлон бол зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний урд, хойд нас, ирээдүйд дахин төрөх буюу хүний оюун санаа, сүнсний байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацаа “өнгөрсөн-одоо-ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн байдаг.