Орхон аймагт 19 мянга 970 хүүхэд “Хүүхдийн мөнгө” авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт 0-18 насны 33 мянга 282 хүүхэд байна. Үүний 60 орчим хувь буюу 19 мянга 970 хүүхдэд “Хүүхдийн мөнгө” –ийг 2016 оны 7 дугаар сарын нэгнээс тооцож бэлэн мөнгөөр олгоно. Үлдэгдэл 40 хувь буюу 13 мянга 312 хүүхдэд 2019 онд нөхөн олгоно.
Нөхөж олгох хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлнэ. Тодруулбал, босго оноос дээш оноотой өрхийн хүүхдийн мөнгийг дансанд нь бичилт хийн Сангийн яаманд байршуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2019 оноос үе шаттайгаар нөхөж олгоно. Энэ нь УИХ-ын 2016 оны 9-7-ны өдрийн 38 дугаар тогтоолын дагуу эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөлөөс хамаарч хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээс хамаарч хоёр хуваан олгохоор зохион байгуулсантай холбоотой юм.
Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 28 өдрийн А/152 дугаарын тушаалын дагуу “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн өрхийн 0-18 насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох босго оноог 502.567 болон түүнээс доош оноогоор тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймагт 502.567 босго онооноос доогуур оноотой өрхийн 19 мянга 970 хүүхэд байна. Эдгээрт эхний ээлжинд хүүхдийн мөнгийг харьяа банкуудаар нь олгож эхэлнэ.
Б.Оюун –Эрдэнэ