Ё.Хаяши Японы эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-03 15:03:23

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 3 /Kyodo/. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.


2023 оноос хойш Ф.Кишидагийн "баруун гар" болж ажиллаж буй 63 настай Ё.Хаяши есдүгээр сарын 27-нд болох Либерал ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарласан Засгийн газрын хоёр дахь гишүүн болж байна. Тэрбээр нам доторх улс төрийн бүлэгт /өдгөө тарсан/ харьяалагддаг байсан бөгөөд Ф.Кишида тэргүүтэй таван Ерөнхий сайд уг бүлэгт хамаарагддаг юм.


Гадаад хэрэг, батлан ​​хамгаалах, боловсрол, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Ё.Хаяши ЛАН-ын бодлогыг тодорхойлогч хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд Японы ирээдүйн удирдагч гэж үнэлэгдсээр иржээ. Тэрбээр өмнө нь нэг удаа буюу 2012 онд намын даргын албан тушаалд өрсөлдөж байв.


Одоогийн байдлаар сонгуульд нэр дэвшигчдийн тоо долоогоос давах төлөвтэй байгаа нь 1971 онд нэвтрүүлсэн одоогийн сонгуулийн системийн хувьд дээд амжилт болж байна. Нэр дэвшигчдийн нэн тэргүүний зорилт бол улс төрийн сангийн дуулианаас үүдэн унасан намын нэр хүндийг сэргээх явдал юм. Тэд мөн амьжиргааны өртгийн хямралыг даван туулахын тулд эдийн засгаа хэрхэн удирдах, Хятад, Умард Солонгос, ОХУ-ын зүгээс учрах дипломатын болон аюулгүй байдлын сорилтуудыг хэрхэн даван туулах вэ гэсэн асуудалтай тулгарч байна.


Парламентын хоёр танхимыг ЛАН болон түүний эвслийн хамтрагч Комэйто удирддаг тул эрх баригч намын дараагийн дарга ерөнхий сайд болох нь гарцаагүй юм. Шинэ удирдагч ойрын хугацаанд ээлжит бус сонгууль явуулахын тулд парламентын доод танхимыг тараах төлөвтэй байгаа тул хууль тогтоогчид, тэр дундаа сөрөг хүчний намынхан үүнд аль хэдийн бэлтгэж эхэлжээ.


Өдгөө 61 настай, Цахим шинэчлэлийн сайд Таро Коно бол намын даргын сонгуульд өрсөлдөхөө хамгийн түрүүнд зарласан Засгийн газрын гишүүн юм. Мөн Батлан ​​хамгаалахын сайд асан 67 настай Шигэрү Ишиба, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан 49 настай Такаюки Кобаяши нар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байна. Түүнчлэн олон нийтийн дунд явуулдаг санал асуулгын дүнгээр дараагийн ерөнхий сайд болох өндөр магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож буй 43 настай, ЛАН-ын өсөж буй од Шинжиро Коизүми сонгуульд өрсөлдөхөө баасан гарагт албан ёсоор зарлах бололтой.

 


相关新闻