Азербайжаны эрх баригч нам парламентад дахин олонх болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАКУ, 2024 оны есдүгээр сарын 2 /Xinhua/. Азербайжаны Милли Межлисийн /нэг танхимтай парламент/ ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч “Ени Азербайжан” нам (Шинэ Азербайжан) олонхын санал авчээ.
Саналын хуудсын 91 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тус намаас нэр дэвшигчид 125 суудалтай Милли Межлист 68 орчим мандат авсан байна. Сонгогчдын ирц 37.27 хувьтай байлаа гэж тус улсын Сонгуулийн төв хорооны дарга Мазахир Панахов даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
М.Панаховын мэдээлснээр, сонгуульд 2 сая 196 мянга 771 сонгогч саналаа өгсөн байна. СЕХ-нд 5895 хэсгийн хороо мэдээгээ ирүүлжээ.
Азербайжаны парламентын ээлжит бус сонгууль ням гарагт болсон юм. Энэ оны 11 дүгээр сард тус улсад Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хурал /COP29/ болон олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор ээлжит бус сонгууль зарлажээ. Ерөнхийлөгч Илхам Алиев парламентыг тараах тухай зарлигт зургаадугаар сарын 28-нд гарын үсэг зурсан байна.