ДОРНОГОВЬ: Ихэнх нутгаар зуншлага сайхан байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-08-29 15:51:10

Сайншанд, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн нийт нутгаар бороо их орж, ойрын хэдэн жил болоогүй дэлгэр сайхан зун боллоо.


Долоодугаар сарын дундаас нийт нутгийг хамарсан олон удаагийн давтамжтай аадар бороо орсны дараа газрын гарц сайжирч, ургамал ногоо ургаж, хүн малын зоо тэнийсэн юм. Дорноговийн нутгаар сүүлийн таван жилийн хугацаанд бороо бага орсноос үүдэж ихэнх сумын нутаг гандуу, мал идэх өвсгүй болоод байсан билээ.


Нийт нутгаар зуншлага сайхан байгаа тул Дорноговийн малчид өөр газар отор нүүдэл хийлгүй нутагтаа малаа идээшлүүлж байна. 


Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгааг гаргажээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 47 хувьд бэлчээрийн нөөцтэй, 20 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 21 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, дөрвөн хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, найман хувьд даац олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.


Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 хувьд хэтэрчээ.

相关新闻